Аюулт үзэгдэл, ослын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал:  15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,, Идэр, Эр, Үүр, Туул, тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 16-нд нутгийн баруун хойд, 17-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Хөвсгөл аймаг, Төмөрбулаг сум. Нарийн багийн “Нарийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ тус багийн Соёлын төвийн 20х30 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатсныг /11.13-ны өдрийн 08:00 цагт/ орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг 13:06 цагт тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.  

Өмнөговь аймаг, Даланзадгад сум. Далан багийн “Задгай”-д жорлонд гал гарч байна гэсэн дуудлагаар /11.13-ны өдрийн 21:37 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 21:40 цагт очиход Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн жорлонгийн агааржуулалтын хуванцар хоолой шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хорооны “Задгай”-д Автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 11:14 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 11:23 цагт очиход иргэн Д.Бадрахын 61-14 УНЗ улсын дугаартай “Хово” загварын өөрөө өргөгч автомашины бүхээг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Орхон аймаг, Жаргалант сум. Жаргалант багийн 11 дүгээр гудамжинд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагаар /11.13-ны өдрийн 13:54 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 30 км зам туулан 14:19 цагт очиход иргэн Б-ын хашаанд 10 тн өвс хураасан байснаас 3 орчим тн өвс шатаж байсныг 3 цаг 33 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хорооны “Задгай”-д байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагаар /11.13-ны өдрийн 14:37 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан 14:52 цагт очиход иргэн М-ийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 54 минут ажиллаж, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 14.5 км зам туулан 15:09 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хорооны “Жигжид” зуслангийн 9 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.13-ны өдрийн 15:37 цагт/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км зам туулан 15:45 цагт очиход иргэн Х-ны 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут, нэмэлтээр мөн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11.5 км зам туулан 16:03 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум. Мандал багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.13-ны өдрийн 16:10 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 16:13 цагт очиход иргэн Д-ын 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хорооны “Хандгайт” зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.13-ны өдрийн 17:11 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 17:40 цагт очиход иргэн Э-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Иргэн Э /56 настай эмэгтэй/ байшингийн дээврийн төмөрт баруун гарын алганы хэсгийг зүссэн, иргэн Х/34 настай эрэгтэй/ байшингийн дээврээс унаж нуруугаа гэмтээсэн байсныг НЯТТТ-д тус тус шилжүүлэн өгсөн.  

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хорооны “Шарга морьт”-ын зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.13-ны өдрийн 17:35 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 17.5 км зам туулан 17:54 цагт очиход иргэн Ц-гийн 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 45 минут, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 22 км зам туулан 18:20 цагт очиж 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймаг, Батноров сум. Бэрх багийн “Банзадын-Энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 50 км-т, Бэрх багийн төвөөс баруун урд зүгт 15 км/-т гэр шатаж байна гэсэн дуудлагаар /11.13-ны өдрийн 18:32 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан дуудлагын 19:15 цагт очиход иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.                                             

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 21 дүгээр хорооны 33 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /11.13-ны өдрийн 23:27 цагт/ Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 23:34 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймаг, Дархан сум. Малчин багийн “Хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 10 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /11.14-ний өдрийн 03:46 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 03:59 цагт очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 1 дүгээр хорооны “Тэрэлж-Алтай ресорт” амралтын газарт гэр шатаж байна гэсэн дуудлагаар /11.14-ний өдрийн 04:43 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 16.5 км зам туулан 05:06 цагт очиход иргэн А-ын 5 ханатай гэр шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр: Өвөрхангай аймаг, Арвайхээр. Зүлэгт багийн “Үйлдвэрлэлийн хэсэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 4км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /11.13-ны өдрийн 16:06 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, хээрийн түймрийг 16:41 цагт унтраасан. Уг гал түймэрт 1.2 га талбай шатсан. 

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Хөвсгөл аймаг, Чандмань-Өндөр сум. Улаан-Асга багийн “Бага сантын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 140 км-т, Хатгал тосгоны төвөөс  зүүн урд зүгт 40 км-т/Улаанбаатар хотоос Ханх сумын “Бүрэнхан” ууланд 11.12-ны өдөр авиралт хийгээд буцаж явсан 11 иргэн “УАЗ Пургон  220695” загварын суудлын автомашинаар зорчиж яваад автозамын хажуу руу унасан тухай дуудлагаар /11.13-ны өдрийн 18:20 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Хатгал тосгоны сум дундын эмнэлгийн эмч, 1 иргэний хамт ослын газар руу хөдөлгөөн үйлдсэн.

Замын дунд иргэд өөрсдөө автомашинаа татаж босгоод, гэмтэж, бэртсэн хүн байхгүй тул Хатгал тосгоны чиглэлд явж байгаа мэдээлэл ирүүлсэн тул бүлгийг Чандмань-Өндөр сумын Хөхөө багийн “Алаг царын гол” гэдэг газар явж байхад нь буцаасан.

Усны осол: Булган аймаг, Орхон сум. Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 92 км, сумын төвөөс зүүн зүгт 114 км/-т 08.31-ний өдөр “Орхон” голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.02-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг 09.02-ны өдрөөс 09.07-ны өдөр, 09.16-ны өдрөөс 09.23-ны өдөр, 10.13-ны өдрөөс 10.15-ны өдрийг дуустал тус тус зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул зогсоосон.

11.13-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхний хамт иргэн Л /44 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхан багийн бетон гүүрнээс Сүхбаатар сумын “нүхэн гүүр” хүртэл 57.7 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.

Хэнтий аймаг, Баянмөнх сум. Баянбулаг багийн “Эрэгмэг”гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан.

11.13-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Хөлдсөн нууранд 47 цооног гаргаж, 6 удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 12:30 цагт зогсоож, 11.14-ний өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Мөн тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид голомтоос бууж 18:47 цагт ангийн байрлалд ирсэн болно. /Нуур хөлдөж мөсний зузаан зах хэсэгтээ 10-15 см, гол хэсэгтээ 6-7 см зузаантай болсон/

Өндрөөс аврах: Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 6 дугаар хорооны “Задгай”-д 100 метрийн өндөр хадан хясаанд авиралт хийж байсан хүн хөлөө гэмтээсэн тухай дуудлагаар /11.13-ны өдрийн 10:10 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 30 км замыг туулан 10:50 цагт очиход “Тэрэлж Моунтайн” амралтын газар амарч байсан АНУ-ын харьяат иргэн Жон Танун Ченг /32 настай, эрэгтэй/ 100 метрийн өндөр хадан хясаанд авирч байгаад зүүн хөлөө хугалсан байсныг эсэн мэнд буулгаж, тус дүүргийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Дундговь аймаг, Өлзийт сум. Буянт багийн “Хар нууртын хурлын бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 130 км, сумын төвөөс зүүн зүгт 75 км/ 11.11-ний өдөр иргэн Х гэрээсээ автомашинаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.13-ны өдрийн 07:57 цагт хүлээн авсан.

Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Х/51 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад 11:40 цагт гэртээ ирсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон тухай мэдээллийг 12:20 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top