Аюулт үзэгдэл, ослын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Төлөв байдал: 16, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 19-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 16, 17, 18-нд нутгийн зарим газраар, 19-нд Монгол-Алтай уулархаг нутаг болон говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хэсгээр,19-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 14:56 цагт очиход 17 дугаар гудамжны иргэн А-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Ханжаргалант хэсгийн 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 15:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 15:10 цагт очиход иргэн М-ын 6х7 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 8 дугаар хэсэг “Ховд хороолол” 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:43 цагт очиход иргэн С-ын 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Баянтүмэн 50 дугаар гудамжны 606 тоотод Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ны өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 1 км замыг туулан 18:46 цагт очиж иргэн Б-ийн 10 тн өвс шатаж байсныг 2 цаг 54 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн “Хараа хэсэг” 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 25 км замыг туулан 20:25 цагт очиход иргэн А-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 2 цаг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн Талын хонхор хэсгийн, 3 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 00:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:07 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн “Чулуут” хорооллын 18 дугаар гудамжинд 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.15-ны өдрийн 02:48 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:53 цагт очиход иргэн А-ийн 4 ханатай гэр, “Приус-30” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн “Агьтын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 12 км, сумын төвөөс зүүн зүгт 19 км/-т суудлын автомашин онхолдсон тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 12 км замыг туулан 16:32 цагт очиход “Спринтер” загварын суудлын автомашинд жолооч Б/54 настай, эрэгтэй/ ухаан алдсан байдалтай байсныг 33 минут ажиллаж автомашинаас аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн их эмчид замын цагдаагийн тасгийн байцаагч нарт хүлээлгэн өгсөн.

Усны осол: Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Эрэгмэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т, Бор-Өндөр сумаас зүүн хойд зүгт 50 км-т/ “Хөтөл-Ус” нууранд 2 зорчигчтой /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ суудлын автомашин суусан, жолооч нь эсэн мэнд гарч, зорчигч нь автомашин дотроо үлдсэн тухай дуудлагыг 10.28-ны өдрийн 05:53 цагт хүлээн авсан. 11.14-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, Баянмөнх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б/40 настай, эрэгтэй/-ийг ар гэрийнх нь хүсэлтээр “Хөтөл-Ус” нуурын мандал дээгүүр металл хайгч багажаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:00 цагт зогсоосон. 11.15-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлнэ.

Өндрөөс унах: Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 104 дүгээр байр 9 дүгээр давхраас бага насны 2 хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 11.14-ний өдрийн 11:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:20 цагт очиход иргэн М /5 настай, эрэгтэй/, Х /3 настай, эмэгтэй/ нар гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж аюулгүй болгон эгч А, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top