Египетийн өмнөд Кайро хотод их хэмжээний аадар бороо орж, үерлэсний улмаас гурван хүн амиа алдаж, 500 гаруй хүн хилэнцэт хорхойд хатгуулж эмнэлэгт хүргүүлжээ. Хүчтэй шуурга, үерээс үүдэн олон зуун хилэнцэт хорхой үүрнээсээ дайжин, олон айлын гэрт орж иржээ. Улмаар хилэнцэт хорхойд хатгуулж, хордсон 500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнчлэн Асуан хотод амралтын өдрүүдээр хүчтэй мөндөр орж, цахилгаан цахиж, аадар бороо орсны улмаас мужийн захирагч Ашраф Аттиа сургуулийн хичээллэх хуваарийг хойшлуулахыг мэдэгдэв.
Шуурганаас болж хилэнцэт хорхой үүрнээсээ дайжин тус хотын байшин барилгууд руу нэвтэрсэн ба 503 хүн хилэнцэт хорхойд хатгуулснаас эмнэлэгт хүргэгджээ. Тэдгээр иргэдэд хорны эсрэг эмчилгээ хийсний дараа эмнэлгээс гаргасан тухай мужийн захирагч нэмж хэллээ. Эрүүл мэндийн яамны сайд Халиб Абдел Гафар мэдэгдэлдээ хилэнцэт хорхойд хатгуулан хордсоноос хүний амь хохироогүй болохыг мэдэгдсэн юм.
Үүнээс гадна хөдөө аж ахуйн ферм, машин техник, байшин барилгууд сүйдэж, үерт автсан гудамж талбайг буулгасан дүрс бичлэг, зурагнууд олон нийтийн хэрэгсэлээр ихээхэн тархаж байгаа байна.
Аль Ахрам өдөр тутмын сонины газраас Асуан хотод амиа алдсан иргэдийн тоон мэдээллийг Эрүүл мэндийн яамны орлогч сайд Ихаб Ханафиг эх сурвалжаа болгосныг мэдээлжээ. Мөн шуурганы улмаас цахилгаан тасарсан гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS