Австри Улс вакцин тариулаагүй иргэддээ тусгайлан хөл хорионы дэглэм зарлав

9q30do_austria_lockdown_x974.jpg

Австри улс Даваа гарагаас эхлэн вакцин тариулаагүй байгаа 2 сая орчим иргэндээ тусгайлан хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байна.

Сүүлийн үед тус улсад коронавирусийн халдвар тархалт болон эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн тул дэлхийд анх удаа ийм арга хэмжээг авахаар болжээ.

Өнөөдрөөс эхлэн вакцинжуулалтад хамрагдаагүй иргэд зөвхөн ажилдаа явах, хүнсний бараа худалдаж авах зэрэг цөөн хэдэн шалтгаанаар гэрээсээ гарах эрхтэй болж байна.

Одоогоор Австрийн 8.9 сая орчим хүн амын 65 хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа. Энэ нь баруун Европын орнууд дотроо доогуур орох үзүүлэлт юм.

Долоо хоногийн хугацаанд Австрид шинээр илэрсэн халдварын тохиолдлын 100,000 хүн ам тутамд оногдох хэмжээ 800 гаруйд хүрсэн нь мөн Европ тивд хамгийн муу үзүүлэлтүүдийн нэг болж байна.

Тус улсад вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийг ресторан, үсчин, кино театрт үйлчлүүлэхийг хориглоод байсан бол одоо гэрээсээ гарахыг нь хүртэл хоригложээ.

“Манай иргэдийн гуравны нэг орчим нь тодорхой хэдэн шалтгаанаар гэрээсээ гарах эрхтэй болж байна. Ингэснээр вакцинжуулалтад хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийн хавьтлыг үлэмж хэмжээгээр бууруулах юм” гэж Австрийн канцлер Александер Шалленбэрг мэдэгджээ.

Цагдаа нар өнөөдрөөс эхлэн гудамжаар яваа хүмүүсийг зогсоож, вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг нь шалгах юм байна. Шинэ хориг 12 хүртэл насны хүүхдүүд, коронавирусийн халдвар аваад хамгийн багадаа 10 хоногийн өмнө эдгэрсэн хүмүүст үйлчлэхгүйг Австрийн эрүүл мэндийн сайд Вольфганг Мюкштэйн тайлбарлажээ.

Дэлхий даяар коронавирусийн өвчлөл, эндэгдэл буурч байгаа бол зөвхөн Европ тивд эсрэгээрээ нөхцөл байдал хүндэрч байна.

Австрийн хөрш Герман улсын эрүүл мэндийн сайд Йенс Шпан энэ удаагийн давлагаанд вакцин тариулаагүй хүмүүс голлон өртөх магадлалтайг саяхан анхааруулсан юм. Тус улсын холбооны засгийн газар, орон нутгийн удирдлагууд энэ долоо хоногт шинэ хорио цээрийн арга хэмжээ авах талаар хэлэлцэх гэж байна.

Эх сурвалж: BBC

scroll to top