Өмнөд Австралид хэд хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлээд буй. Тэгвэл Ооднадатта хотоос 150км-ийн зайд аялж яваад үерийн усанд боогдсон гэр бүлийг дөрөв хоногийн дараа аварчээ.
Бага насны хоёр хүүхэдтэйгээ аялж явсан Линдси болон Ори Заврос нарыг онцгой байдлын албан хаагчид нисдэг тэргээр аварсан бөгөөд тэдний биеийн байдал сайн байна.
Ноён Завросын ээж Тео мягмар гарагт ABC News-т ярилцлага өгөхдөө “Үр хүүхдийг минь аварсанд маш их баярлаж байна ” гэжээ.
Перт хотоос гаралтай Завросын гэр бүл өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш аяллын машинаар Австралийг тойронд аялж, инстаграм хуудсаар аяллын тухай бичлэгээ хуваалцаж байгаа юм.
Аялагч гэр бүлийг аварсан ч фургон машиныг үер голомтод үлдээнэ гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.