Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн хороо хамтран “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдааныг аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдын дунд уламжлал болгон 16 дахь жилдээ зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гамшгийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг өгөх, түүний талаар судлуулах, дүгнэлт хийлгэх, Улаан загалмай, Даатгалын байгууллагын үйл ажиллагааг таниулах, хүмүүнлэгийн үйлсийн ач тусыг мэдүүлэх зорилготой тус уралдаанд 486 сурагч бүтээлээ ирүүлсэн байна.
Бүтээлүүдээс нийт 8 сурагчийн бүтээлийг шалгаруулж, шагналыг нь өнөөдөр гардууллаа.
Сурагчид зохион бичлэгийн уралдаанд оролцсноор гамшгийн тухай ойлголт мэдлэгээ дээшлүүлж, амьд гарах арга ухаанд суралцах түүний талаарх мэдлэгээ бусдадаа түгээн дэлгэрүүлэх, цаашлаад хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж гар бие оролцох бэлтгэлтэй болдог юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.