Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Орхон, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн өмнөд хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур 18-20 м/с, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 23-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Чулуут сумын Өлзийт гол багийн “Бугат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км /-т 11.17-ны өдрийн 13:00 цагийн үед малчин Н-ын 5 ханатай гэр, 4 ханатай гэр, 3х3 метрийн хэмжээтэй амбаар, эд хогшлын хамт бүрэн шатсан тухай мэдээллийг 11.18-ны өдрийн 17:07 цагт хүлээн авсан.

– Хамтын болон гадаад улсын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 8 дугаар хороо, Монгол Германы хамтарсан “Ашигт малтмал технологи”-ийн их сургууль өргөтгөлийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 06:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:08 цагт очиход тус их сургуулийн багш ажилчдын дотуур байранд цахилгаан дамжуулах сүлжээний утас шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалантын 4 дүгээр баг “Шар хөл” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 188 км, сумын төвөөс урд зүгт 12 км-т, Ө- 48.36471, У- 112.2548 / Хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 11.18-ны өдрийн 13:23 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, 14:40 цагт түймрийг бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 160 га орчим талбай шатсан /.

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалантын 1 дүгээр баг “Гутлын –Ул” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т, Ө- 47.05137, У- 111.12553 /хээрийн түймэр гарсан тухай мэдээллийг 11.18-ны өдрийн 13:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллан 15:10 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 16 га орчим талбай шатсан /

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осол: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг “Тарвагат-Улааны нуур” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 42км, Дундговь аймгийн Баянжаргалан сумаас зүүн хойд зүгт 40км/-т. Тус сумаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын чиглэлд “Азийн топ-Ишлэл” ХХК-ын эзэмшлийн “Ниссан Эдван” загварын автомашинтай тус нууран дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч автомашин гарах боломжгүй болсон тухай дуудлагыг 11.18-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 42 км замыг туулан 23:40 цагт очиход иргэн Ю-ийн жолоодож явсан суудлын автомашин тус нууранд цөмрөн орсон байсныг 00:58 цагт татаж гаргасан.

Өндрөөс унах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 52 тоот Иргэн Г /согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ/ амиа хорлоно гээд хаалгаа онгойлгохгүй байна гэсэн дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 20:15 цагт өгсөн. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 4 км замыг туулан 20:23 цагт очиж, дээд талын айлын тагтнаас аврах олс ашиглан бууж, тус айлын цонхоор орон хаалгыг нээж, Г/38 настай, эмэгтэй/-ийг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 213 дугаар байрны хажууд дулааны худгаас цогцос гаргах шаардлагатай байна гэсэн мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 09:45 цагт өгсөн. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид 6 км замыг туулан очиход 4 метрийн гүнтэй дулааны худагт /хаяг тодорхойгүй/ Ц /55 настай эрэгтэй/ нас барсан байсан цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top