Онцгой байдлын ерөнхий газраас Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд тус төвийн багш нарт гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, чадварыг олон нийтэд олгох “Бэлэн бай” модулиар цахим сургалтыг зохион байгууллаа.
Сургалт хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд сургалтад 11 аймаг, 9 дүүргийн Насан туршийн боловсролын төвийн 215 багш, мэргэжилтэн хамрагдаж, сургагч багшаар бэлтгэгдсэн юм.
Сургалтыг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтнүүд удирдан явуулж, хүчтэй цасан болон шороон шуурга, зуд, газар хөдлөлт, гал түймэр, анхны тусламж, гамшиг, онцгой байдлын үеийн хүүхэд хамгаалал зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, онолын мэдлэг, ойлголтыг дээшлүүллээ.
Энэ үеэр Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа А.Алтанбагана “Сургалтаар эзэмшсэн мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлэн судалж, иргэдэд түгээн ажиллахыг сургагч багш нараас хүссэн юм”.
Сургагч багш нар тухайн орон нутагтаа болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг аюулгүй амьдрах ухаанд сургаж дадлагажуулах сургалтыг зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.