Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, нутгийн баруун өмнөд хэсгээр 18-20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орж, явган шуурга шуурна, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 7 дугаар хорооны 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.19-ний өдрийн 14:27 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 14:33 цагт хүрэлцэн очиход “Сант түшээ” ХХК-ийн 24х12 метрийн хэмжээтэй байшин, 4х3 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Б-ын 7х8 метрийн хэмжээтэй байшин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.19-ний өдрийн 20:51 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 10.5 км зам туулан 21:06 цагт очиход “Эс Жи Эс Аймме Монголиа” ХХК-ийн байранд цахилгаан үүсгүүр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хорооны “Шадивлан” зуслангийн “Задгай”-д Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.19-ний өдрийн 08:27 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9.5 км зам туулан 08:40 цагт очиход иргэн Г.Гантөмөрийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 3 дугаар хорооны “Задгай”-д байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагаар /11.19-ны өдрийн 13:08 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:20 цагт очиход иргэн Б-ийн 10х4 метрийн хэмжээтэй цайны газрын барилгын дээвэр шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хорооны “Гоодойн” зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.19-ний өдрийн 13:41 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 14:00 цагт очиход иргэн Т-ын 10х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж, нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 14:28 цагт очиж 35 минут ажиллаж тус тус унтраасан.

Өвөрхангай аймаг, Арвайхээр. Дэлгэрэх дэнж багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /11.19-ний өдрийн 15:41 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 15:44 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 14 дүгээр хорооны 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.19-ний өдрийн 20:09 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 20:17 цагт очиход иргэн А-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Налайх дүүрэг. 7 дугаар хорооны 5 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /11.20-ны өдрийн 02:44 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 02:46 цагт очиход иргэн М-гийн “Старекс” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 19 дүгээр хорооны Майхан толгойн “Бясалгалын-Ам” гэдэг газар /Жаргасан, Дурдлаа, Бойжуулах/ уулын хажуугийн газар тэгшилж байсан дугуйт түрэгч /ковш/ уулын уруу онхолдож 2 хүн дарагдсан байна гэсэн дуудлагаар /11.19-ний өдрийн 14:02 цагт/ нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 26 км зам туулан 14:45 цагт очиход “Ноён трейд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Л /30 настай, эрэгтэй/ гэмтсэн байсан тул ГССҮТ-д, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Г/30 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.  

Өндрөөс аврах: Өвөрхангай аймаг, Арвайхээр. Онги багийн “Задгай”-д 5 давхар орон сууцны барилгын дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагаар /11.19-ний өдрийн 11:09 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 5 км зам туулан 11:10 цагт очиход 5 давхрын дээврээс тус байранд оршин суугч иргэн Д/17 настай, эрэгтэй/ үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймаг, Толбо сум. Толбо нуур багийн “Шар даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ малчин Ж мал хариулахаар мориор яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:20 цагт хүлээн авсан.

Тус сумын харьяат малчин Ж /26 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт зохион байгуулж, 06:00 цагт тус багийн “Дээд хаалга” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 3 км/-аас унаж явсан морийг нь олсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.   

4.Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл:

Салхи, шуурга: Ховд аймаг, Чандмань сум. Жаргалант багийн “Улаан дэл” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 3 км-т/ тус сумын нутгаар 11.19-ний өдрийн 03:00 цагт салхины хурд 24 м/с хүрсний улмаас 2 айлын гэр нурсан тухай мэдээллийг 11:52 цагт хүлээн авсан Тус багийн харьяат малчин Х-ын 6 ханатай гэр, малчин Б-ын 5 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top