Улс эх орны аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, ослоос ард иргэдийг авран хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, үйлсэд хичээн зүтгэж ажиллаж байгаа, улс орныхоо өнцөг булан бүрт “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тангарагтай хичээн зүтгэж ажиллаж байгаа нийт алба хаагчиддаа, та бүхний гэр бүлд ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Улс тунхагласны 97 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2021 он Онцгой байдлын байгууллагын хувьд ололт, амжилт, бүтээлээр дүүрэн он болж үлдэх нь ээ.
Бид бүхэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, он гарсаар өнөөдрийн байдлаар 3200 гаруй хүний амь насыг авран хамгаалж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад учирсан 74,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Үүний зэрэгцээ дэлхийн нийт болон Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хүн ардын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүнд сорилтыг учруулж байгаа коронавирусын халдвартай тэмцэх эгнээнд хамгийн тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж, салбар дундын үйл ажиллагааг уялдуулж зохицуулах, ковидтой тэмцэх хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр Онцгой байдлын байгууллагын алба хаагчид идэвхтэй ажилласаар ирсэн. Энэ бүх үйл ажиллагааг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, ард иргэд маань Онцгой байдлын алба энэ цаг үед үүргээ сайн гүйцэтгэж байна гэдгийг хэлж байна.
Дээр нь Онцгой байдлын байгууллагын үндэсний гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, хууль эрхзүйн орчныг сайжруулах, техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас ихээхэн анхаарал тавьсаар ирсэн.
2021 онд гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг сайжруулах хүрээнд алслагдсан, тэр дундаа аймгийн төвөөс бусад сум, суурин газарт үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад 5 жил тутам үндсэн цалингийн 30 сартай тэнцэхээр урамшууллыг олгохоор хуульчилсан.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тогтвортой ажиллах, дээр нь нийгмийн баталгааг хангах нэг том хөшүүрэг болсон гэдгийг өнөөдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Бид өнөөдөр усны гүнд, усны мандал дээр, газрын гадарга дээр, ууланд, одоо агаарт үйл ажиллагаа явуулна.
Бидний үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдэхийн зэрэгцээ техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Франц Улсын Засгийн газар хоорондын төсөл хөтөлбөрийн хүрээнд автомашин, тоног төхөөрөмжийг нийлүүлэх төсөл маань амжилттай хэрэгжээд одоо бид үндсэндээ 21 автомашин, техникийг хүлээж аваад байна. Үндэсний нисэх хүчинтэй боллоо. Инженер техникийн ажилтнууд, нисгэгч нараа сургаж бэлтгэх, агаарын эрэн хайх ажиллагаанд бэлтгэх ажиллагаа өнөөдөр ид явагдаж байна.
Улс тунхагласны 97 жилийн ойн өдрийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагад маань шагналын хур буусан сайхан өдөр тохиож байна.
Хөвсгөл нууранд одоогоос 36 жилийн өмнө далайн ёроолд живсэн байгаль экологийн хувьд эрсдэл учруулахуйц, 12 давхар байшинтай дүйцэхээр том хөлөг онгоцыг манай Онцгой байдлын байгууллагын манлайлал дор нэгдсэн зохион байгуулалттай бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран манай усчин аврагчид, бие бүрэлдэхүүн 36 хоногийн турш ажиллаж амжилттай татаж гарган авлаа. Энэ бол Онцгой байдлын байгууллагын бас нэгэн нэр хүндийн баталгаа болж ард түмэнд үнэлэгдлээ.
Өнөөдөр мөн энэ үйл ажиллагаанаас гадна эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж ажиллаж байгаа зарим офицер, ахлагч, алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын болон салбарын шагнал, ОБЕГ-ын даргын тушаалаар шагналаа. Та бүхэн маань цол, хэргэмээ нэмлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Онцгой байдлын байгууллагад ажиллах үеэрээ нэг зүйлийг хэлснийг та бүхэн маань санаж байгаа байх. “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг би бурхны илч, авралын гар гэж боддог. Өглөө ургахын улаан нарнаар шингэх наран хүртэл ажиллахдаа тэр хүмүүс ард иргэдийнхээ амь нас, үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн. Ийм болохоор энэ албанд би хайртай. Энэ албаа хүндэлж явдаг. Энэ албаны нэр хүнд, энэ албаны өнгө зүс, энэ албаны хөгжил дэвшил бол ард түмний итгэл, сэтгэл, дэмжлэг дээр оршдог юм. Албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж яваарай” гэж хэлснийг та бид ямагт ухамсарлан санаж, умартаж болохгүй.
Энэ албаныхаа хөгжил дэвшлийн төлөө түүчээ нь болж та бүхэн маань урагшлах ёстой гэдгийг өнөөдөр би цохон тэмдэглэхийг хүсч байна.
Ингээд өнөөдөр шагнал гардаж авсан нийт алба хаагчиддаа, өнөөдөр энд хүрэлцэн ирээгүй ч гэсэн ажил үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчиддаа, мөн биднийг төлөөлж Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчиддаа дахин баярын мэнд хүргэж, шагналын хур нь бусад алба хаагчиддаа тусгалаа олж, ирэх жилүүдэд олон олон офицер, ахлагчид маань төрийн одон медаль, байгууллагын шагналаар шагнагдах болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг дахин хүсэн ерөөе.
Онцгой байдлын албаны яруу алдар мандан бадарч, Монгол Улсын хөгжлийн тулгуур багана болсон Онцгой байдлын албаны алба хаагч та бүхний зовхи нь өөдөө, хийморь босоо, сайн сайхан байхын ерөөлийг дэвшүүлье.