Албанаас төрсөн гарсан шинэ гавьяатууд, хурандаа нарт хүндэтгэл үзүүллээ

GJ1A6707.jpg

Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан анхны Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болон гавьяат хуульч, гавьяат багш болон хурандаа нарыг ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХГ-ын газрын дарга, УБОК-ын орлогч даргаар ажиллаж байсан ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн зөвлөх профессор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хошууч генерал О.Үржин “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”,  2007-2012 онд ОБЕГ-ын даргаар ажиллаж байсан бригадын генерал Ц.Амгаланбаяр “Гавьяат хуульч”, 1988-1990 онд УИХГ-ын тусгай тасагт дайчилгаа хариуцсан офицероор ажиллаж байсанбэлтгэл дэд хурандаа Ч.Гомбосүрэн “гавьяат багш” цол тэмдгээр тус тус шагнагдсан юм.

 Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, “Онцгой байдлын байгууллагын өнөөдрийн хөгжлийн түүхийн хугацаанд та бүхний оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаа хүртээсэнд туйлын баяртай байна. Энэхүү үйл явдал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг төр засаг, ард түмэн үнэлж, дэмжиж байгаагийн томоохон илрэл. Онцгой байдлын байгууллагаас энэ хугацаанд есөн гавьяат цолтон төрлөө. Та бүхэн бидний бахархал юм шүү” гэлээ.

Мөн энэ үеэр албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол хүртсэн Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах нарт баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top