Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага “variant of concern” буюу аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн Омикрон (Omicron) үсгээр нэрлэх шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Омикрон нь тус байгууллагын “variant of concern” ангилалд багтсан тав дахь хувилбар болж байна.
Бусад хувилбаруудтай харьцуулахад Омикрон нь дахин халдварлах чадвар өндөр гэж мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэжээ. Өөрөөр хэлбэл өвдөөд эдгэрсэн хүмүүсийг дахин өвчлүүлэх чадвар өндөртэй байж болзошгүй юм байна.
Тиймээс өнөөдөр дэлхий дахинд хамгийн өргөн тархаад байгаа Дельта хувилбараас илүү аюул учруулж болзошгүйг ДЭМБ анхааруулжээ.
Хамгийн сүүлд энэ оны тавдугаар сард Дельта хувилбарыг ДЭМБ “variant of concern” ангилалд нэмж байв. Европын Холбооны эрүүл мэндийн агентлаг ECDC шинэ хувилбарыг “маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлж байгаагаа өчигдөр бас зарлажээ.
Омикрон хувилбар халдварласан тохиолдол одоогоор Өмнөд Африкаас гадна Израиль, Ботсван, Хонконг, Бельги улсуудад илрээд байгаа.
Эдгээр улсуудад Африк тивийн өмнөд бүсийн орнуудаас ирсэн зорчигчид шинэ хувилбарын тээвэрлэгч болсон байна. Тухайлбал Израильд бүртгэгдсэн ганц тохиолдол нь Малави улсаас ирсэн зорчигчоос илэрчээ.
Баасан гарагт дэлхийн олон орон Өмнөд Африк болон түүнтэй хил залгаа улс орнуудаас ирэх зорчигчдод хилээ хааж байгааг зарласан байна.
Тухайлбал АНУ-ын засаг захиргаа Өмнөд Африк, Ботсван, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави гэсэн найман улсын чиглэлд Даваа гарагаас эхлэн агаарын тээврийн хязгаарлалт тогтоохоор болжээ.
Европын Холбооны улсууд, Канад, ОХУ мөн ижил төстэй арга хэмжээ авах болсноо Баасан гарагт зарласан байна.
Эрдэмтэд Омикрон хувилбарын тархах хурд, вакцины дархлааг нэвтлэх чадвар зэргийг судалж эхэлжээ.
Moderna компани Омикрон хувилбараас хамгаалах нэмэлт вакцин бүтээх ажилд орсноо мэдээлсэн байна. Тус компани шинэ хувилбартай тэмцэх гурван боломжит стратегийг судалж байгаагийн нэг нь одоогийн вакцины тунг өсгөх арга гэнэ.
BioNTech болон Pfizer компаниуд хоёр долоо хоногийн хугацаанд судалсны дараа одоогийн вакцинаа шинэ хувилбарын эсрэг үйлчилгээтэй болгож өөрчлөх эсэхийг шийдэхээр болжээ.
Хэрвээ өөрчлөх шаардлагатай нь батлагдвал 100 хоногийн дотор эхний багц тунг үйлдвэрлэх боломжтойгоо мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AFP