Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон.

Өнөөдөр: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сарын 1-2-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар   цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, 12 сарын 1-ний өдөр нутгийн зарим газраар 12-14 м/с, 2-ны өдөр нутгийн зүүн хагаст түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 34 дүгээр хороо, “Баянголын-Ам” гэдэг газрын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /11.27-ны өдрийн 18:58 цагт/ дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 19:08 цагт очиход иргэн Т-ийн 15х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 4 цаг ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 19:51 цагт очиж 3 цаг 30 минут ажилласан. 

Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхаан тосгоны 2 дугаар багийн “Хар усны тохой” гудамжинд өвс шатаж байна гэсэн дуудлагаар /11.27-ны өдрийн 20:56 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 21:40 цагт очиход иргэн А-гийн 9.9 тн орчим өвс, иргэн Г-гийн 6 тн орчим өвс шатаж байсныг 2 цаг 28 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймаг, Шаамар сум. Дулаанхаан тосгоны 3 дугаар багийн Бумцэндийн гудамжинд /аймгийн төвөөс баруун урд зүгт 50 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагаар /11.27-ны өдрийн 22:55 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 50 км замыг туулан 23:37 цагт очиход иргэн Б-ын 5х4 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум. Билүүт багийн “Билүүт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 222 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 2 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /11.28-ны өдрийн 05:05 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 05:08 цагт очиход иргэн Ц-ийн “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 7 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өмнөговь аймаг, Номгон сум. Дэрсэнэ-Ус багийн “Эхэнэ заг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 19 км-т, Ө-42°72’00”, У-104°95’00″/ 11.28-ны өдрийн 06:00 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 06:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Номгон сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс унах: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 24 дүгээр хороо, “Алтай” хотхоны зүүн талд шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 16 дугаар давхрын цахилгаан шатнаас хүн унасан тухай дуудлагаар /11.27-ны өдрийн 15:16 цагт/ нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 15:21 цагт очиж шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын цахилгаан шатны хонгилоос тус барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Өрнөх хүч” ХК-ийн ажилтан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн А/26 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Бусад төрлийн осол: Ховд аймаг, Чандмань сум. Сүлжээ багийн “Хөх тээлийн тасаг” гэдэг газар / аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ “Хар-Ус”нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрсний улмаас усанд суусан тухай мэдээллийг 11.26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан.

Тус сумын харьяат малчин Г/50 настай, эрэгтэй/ мал эрж “Хар-Ус” нуурын мөсөөр зорчиж яваад нуурын баруун эргээс 10 км-т мөс цөмөрч автомашин нь усанд суусан тул 11.27-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 80 км замыг туулан 14:00 цагт очиж, “Королла” загварын суудлын автомашиныг 3 цаг 30 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top