“Шинжлэх ухаанч ГЭБ санаачлага” сэдэвт арга хэмжээ болно

11-29-2.jpg

  ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран Монгол Улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах чиглэлээр “Шинжлэх ухаанч гамшгийн эрсдэлийг бууруулах санаачлага” сэдэвт арга хэмжээг 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулах гэж байна.  

  Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтдийн түвшинд уулзалт хэлэлцүүлэг хийх, залуу судлаач эрдэмтдийн энэ чиглэлээрх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, дэмжих, урамшуулах, нийтийн хүртээл болгох, хэрэглээнд нэвтрүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг үр дагаврыг багасгах, гамшгийн эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэх оруулах зорилготой юм.

 Энэ хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ахлах реферант, доктор, дэд профессор, дэд хурандаа Д.Сэржмядаг “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх нь”, ШУА-ийн Газарзүй геологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, профессор М.Алтанбагана “Уур амьсгалын өөрчлөлтөөс эдийн засагт үзүүлэх эрсдэл, эмзэг байдлын судалгаа”, УЦУОСМХ-ийн хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэцэцэг “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, түүнийг бууруулахад анхаарах асуудал”, Одон орон геофизикийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Ч.Одонбаатар “Монгол орны газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top