ДЭМБ “коронавирус”-ийн халдварын “Omicron” хувилбар өндөр эрсдэл дагуулах магадлалтай байгааг анхааруулж байна. Олон улсад шинэ хувилбар тархаж, халдварын тоо эрс нэмэгдэх төлөвтэй гэж үзэж байгаа аж.
COVID-19-ийн халдварын эсрэг вакцин хөгжүүлэгч “BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” компаниуд “Omicron” хувилбарын эсрэг вакцинуудаа шинэчлэхээр ажиллаж байна. Тухайлбал: “Pfizer” компани шаардлагатай бол 100 хоногийн дотор шинэ вакцин гаргана гэж мэдэгджээ.
Африкийн орнуудад “Omicron” хувилбарын халдварын тархалт эрчимжиж байгаатай холбогдуулан БНХАУ нэг тэрбум тун вакцин хандивлахаа амлалаа. 600 сая тун вакциныг шууд хандивлах бол үлдсэн 400 саяыг нь Африкийн орнуудтай хамтран үйлдвэрлэх юм байна.
Өмнөд Африкт “Omicron” хувилбараар өвчлөгсдийн 10 хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна. Одоогоор “коронавирус”-ийн шинэ хувилбарын халдвараар нас барсан хүн байхгүй байгаа аж.
Харин АНУ-ын засаг захиргаа ард иргэдээ “коронавирус”-ийн шинэ хувилбараас айж, сандралд орохгүй байхыг хүсээд бүрэн тун болон нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөлөө.