1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 12-17 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 5-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 12 дугаар сарын 2-нд Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 3-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд Хөвсгөлийн уулсаар, 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12 дугаар сарын 2, 3-нд тал, хээрийн нутгаар, 5-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 18:05 цагт очиход иргэн Ө-ын 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн “Рашаант” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 60 км-т, У- 50°01’48.0”, Ө-98°10’12.0”/ 11.30-ны өдрийн 06:58 цагт 3.7 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 07:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Зүүн бүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 206 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т/ Тус сумын харьяат иргэн М явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.30-ны өдрийн 21:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /40 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:52 цагт тус багийн “Зүүн бүрх” гэдэг газар /гэрээс нь зүүн урд зүгт 1 км/-аас эсэн мэнд олсон.
Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны 16 дугаар гудамжинд нүхэн жорлонд хүн унасан гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.30-ны өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км зам туулан 21:00 цагт хүрэлцэн очиход иргэн Л /эрэгтэй, 45 настай/ 3 метр орчим гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР