Г.Тэгшсүрэн
Gogo.mn сайт энгийнээсээ улам алсарч энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг танилцуулж буй.
Залуучууд хаана, хэрхэн амьдарч, юуг хийж бүтээж явна вэ? Автобусны сандал дээр суучихвал залуу нас нь буруутчихаад, алсад сурахаар од юү гэхээр хил хаагдчихаад аар саархан өдөр хоногийг өнгөрүүлж явна уу. Аль эсхүл ажлаа хийж, цалингаа аваад ав адилхан 15, 30-нийг үдэж, угтаад эв эгэлхэн амьдарч байна уу. Үгүй бол дэлхийг эргүүлэх, эринийг манлайлах их хүсэл тэмүүлэлтэйгээр бодож, төлөвлөж, бүтээж байж болох. Аль нь ч л гэсэн хамгийн гоё нь тэд залуу байна.
Gogo.mn сайт энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг танилцуулж буй. Өмнө нь хип хоп сонсдог жирийн л нэг хорооны цагдаа, хэсгийн байцаагчийг танилцуулсан бол энэ удаад Хөвсгөл нуурын эрэгтээ амар жимэрхэн амьдрах хүсэлтэй 24 настай гал сөнөөгчийг танилцуулж байна.
-Намайг Д.Үүрийнбаяр гэдэг. Би Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангид аврагч, гал сөнөөгчөөр ажилладаг, ахлах ахлагч цолтой. Ерөнхий боловсролын сургуулиа Хатгалд дүүргээд 2013 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуульд элсэж, 2017 онд төгссөн. Үргэлжлүүлээд Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуулийг дүүргэсэн юм.
Хоёр ч их сургууль дүүргэсэн, их л ганган хүн 2018 онд Хатгалдаа буцаж ирж байлаа. Тэр оны гуравдугаар сарын 1-нээс Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 69 дүгээр ангид томилогдон ажиллаж эхэлсэн дээ.
Хатгал тосгоны хүүхдүүд багаасаа л Хөвсгөл далайд сэлж, шумбаж тоглосоор усанд дадал, туршлагатай болчихдог. Би тэдний нэг нь. Намайг бага байхад Хөвсгөл аймгийн Гал түймэр унтраах 46 дугаар анги гэж байсан. Тэр ангийн аврагч, шумбагч ах нарыг харсаар “Ерөөсөө гал унтраадаг л хүн болъё” гээд шийдчихсэн. Тэдний уснаас хүн аварч байгаа нь жаал хүүгийн толгойд Spider Man мэтээр бууж байгаа юм л даа. Нөгөө Spider man нь надтай хамт явсаар их сургуулиа дүүргээд Хөвсгөлд буцаад ирсэн.
Аврагч боллоо. Хамгийн анхны дуудлага үер усных байв. 2018 оны зун бороо их ороод гол, нуурууд маш их үерлэсэн. Тэр их усан дунд 4-5 хүнтэй автомашин живээд, урсаж байсан. Яг тэр мөчид “Яана аа” л гэдэг бодол толгойд орж ирж байгаа юм.
Тэнд хүмүүс үерт урсаад, амь нас нь үхэл, амьдралын заагт байгаа. Гэтэл би ч бас хүн. Тэднийг аврах гээд ус руу орох мөн л амь насанд эрсдэлтэй санагдсан. Гэхдээ тэднээс ялгаатай нь би аврагч. Ингэж бодох төдийд гэнэтхэн нэг их зориг ороод үерлэсэн их уснаас автомашинтайгаа живсэн хүмүүсийг эсэн мэнд голын эрэгт гаргаж байлаа. Тэр дуудлага санаанаас ер гардаггүй. Үүнээс хойш хэцүү л гэж бодвол аварч чадахгүй гэж боддог болсон.
Хамгийн сүүлд оролцсон онцлох ажиллагаа гэвэл Сүхбаатар хөлөг онгоцыг Хөвсгөл нуураас татан гаргахад үүрэг гүйцэтгэлээ. ОХУ-ын аврагчидтай есдүгээр сарын 17-ноос хамтарсан сургалт хийж эхэлсэн. Өндөр хөгжилтэй орны аврагчдын ашигладаг эд зүйл, хүчил төрөгчийн баллон зэрэг нь гоё л юм билээ. Гэхдээ манайх нэг их дутахааргүй. Ур чадварын хувьд эн тэнцүү.
Аравдугаар сарын 1-нээс онгоцыг татан гаргах ажиллагаа эхэлсэн. Би шумбалтын гуравдугаар багт багтаж үүрэг гүйцэтгэлээ. Далай руу нэг удаа шумбахад үүрч орсон хүчил төрөгчийн баллон 30-40 минут амьсгал болно. Нуурын 12-16 метрийн гүнд очоод эрэг дээрх танкийн чирэгчид холбосон ган татлагын нэг үзүүрийг онгоцны их биед бэхэлнэ. Хөвүүлэхийн тулд өрөөнүүдэд нь том автомашины олгой хийлж оруулна.
Ингээд хүчилтөрөгч дуусахаас урьтаж буцаад дээшээ сэлнэ. Тэгтэл нөгөөх онгоцонд бэхэлсэн ган татлага суларчихна, өдрийн хэд мултарна. Мултрах бүрд нь нуур руу орж холбоно. Энэ мэтчилэн ажиллагааны туршид нийт 16 шумбагч 214 удаагийн даалгавар гүйцэтгэж, 500 гаруй удаа усанд сэлж, 31 мянга 834 минут буюу 530 цагийг усанд өнгөрүүлсэн.
Мэдээж тэр том онгоцыг татан гаргахад хүндрэлтэй асуудлууд үүсэж байсан. Гэхдээ багийнхантайгаа ярилцаад хамтарч ажиллаж байгаа учраас тэр бүхнийг даваад л гарсан.
Би нэг сэтгэгдэл уншсан юм. “Хар хүйтэнд хэдэн аврагчдыг ус руу оруулаад хөлдөөлөө, ханиад хүргэлээ” гэсэн цаагуураа биднийг их хайрласан сэтгэгдэл байсан.
Гэхдээ бид анх удаа хүйтэнд нуур руу сэлж байгаа биш шүү дээ. Дүн өвлөөр мөс цөмөрсөн, автомашинтайгаа осолдсон зэрэг дуудлагаар ажиллаж, гол ус руу шумбалт хийдэг. Ер нь усанд шумбахдаа тайван, сандрахгүй байхад хэцүү зүйл үгүй дээ. Уснаас хүмүүсийг амьд гаргаад ирэх, тэгээд тэр хүмүүс “Баярлалаа” гэж хэлэх л их гоё санагддаг. Ер нь баярлах ч албагүй дээ, бидний ажил шүү дээ.
Эхнэр маань жирэмсэн, би удахгүй аав болно. Аав болсон анхны мэдрэмж хүн бүрт их тод үлдсэн байдаг. Би ч бас анхны хүүхдээ харах, тодоор дурсаж явах тэр өдрийг тэсэн ядан хүлээж байна.
Цаашид гэр бүлтэйгээ Хатгалдаа, Хөвсгөл нуурынхаа эрэгт нам гүмхэн амьдрахыг хүсдэг. Залуучууд хот руу тэмүүлэх бол харин би Хатгал руугаа л яардаг. Хотод түгжрэлээсээ болж стресстэж амьдарснаас дуртай ажлаа хийгээд, хөгжөөд нутагтаа л сайхан амьдрахыг хүсдэг дээ. Хүн ер нь хамт олонтой байхад болно доо.
Эх сурвалж: gogo.mn