Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Сүхбаатар аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 14-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 5-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн уулархаг нутгаар, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсанГовь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 7 дугаар гудамжны задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 12:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 2.2 км замыг туулан 12:29 цагт очиход иргэн Б-гийн 3×4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Зээг 2 дугаар багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 13:52 цагт очход иргэн Х-гийн 5 ханатай гэрийн эд хогшил шатаж байсныг 3 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 14:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:20 цагт очиход тус байрны өргөтөлийн 1 давхарт 3х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 8 хүүхэд гаргасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 16:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, 2.5 км замыг туулан 16:43 цагт очиход иргэн Д-гийн 6×4 метрийн хэмжээтэй зоорь, хураалттай /3 тн/ 200 боодол өвс, 1 тн /задгай/ тэжээл шатаж байсныг 2 цаг 32 минут ажиллан унтраасан.

Архангай аймгийн Жаргалант сумын Баян цагаан багийн 1 дүгээр хорооны “Мод Толгой” хороололд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 16 км, сумын төвд/ иргэн Б-гийн 8х6 метрийн хэмжээтэй палкан байшин, эд хогшлын хамт 12.02-ны өдрийн 23:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг тус сумын хэв журмын цагдаа 12.03-ны өдрийн 00:19 цагт өгсөн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргааар ахлуулсан хүмүүс очиж, 01:15 цагт гал түймрийг бүрэн унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 23:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 23:31 цагт очиход иргэн З-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Энержи 0 цэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 111 км-т, сумын төвөөс урд зүгт 11 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12.02-ны өдрийн 16:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан 17:05 цагт очиход тус сумаас Өмнөговь аймгийн чиглэлд нүүрс ачиж явсан иргэн Б.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашиныг иргэн Ч.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашин /2 зорчигчтой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ыг мөргөж, тус автомашинд зорчин явсан иргэн Э /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж, 2 хөл хугарсан байсныг 17:35 цагт  автомашинаас эсэн мэнд гаргаж, тус сумын сум дундын эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт 2 дугаар багийн “Бага богч” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 45 км, сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ иргэн Ц /45 настай, эмэгтэй/ 11.29-ний өдрийн 14:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид 12.01-ний өдрийн 22:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 12.02-ны өдрийн 11:32 цагт тус сумын Хөлцөөт 2 дугаар багийн  Улаан-Үзүүр гэдэг газраас цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Бусад төрлийн осол /аюул/Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт “Дөрөлж” нуур руу цөмөрч орсон тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг 09:00 цагт эхлүүлж, мөсийг хөрөөдөж, тус автомашиныг гаргахаар ажилласан боловч үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул 17:52 цагт түр зогсоож, 12.03-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн. /Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3,1 метр байна. /

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Ноён хонгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 22 км/-т спиртний үйлдвэрийн гүний худагнаас хүний хувцас, гутал гарч ирсэн, хүн байх магадлалтай гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, 22 км зам туулан 15:00 цагт очиж, /3,5 м гүн устай, 7 м гүн, ашиглалтаас гарсан/ гүний худгийн усыг соруулж, тус сумын харьяат иргэн Х /67 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган Орхон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top