Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн нурууны хойд хэсэг, Хөвсгөлийн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:   Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр   цас орж, явган шуурга шуурна. Салхи 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Арцатын-Ам”-нд баригдаж байгаа барилгын дулаалгын хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан 11:37 цагт очиход 4 давхар орон сууцны барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.   

Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.8 км зам туулан 08:05 цагт очиход иргэн Ө-ын 4 ханатай гэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт У /10 настай, эрэгтэй/, А /5 настай, эмэгтэй/ нар өртөн нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багийн 3 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 10:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 10:38 цагт очиход иргэн А-ийн 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. 

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэн багийн “Дуутын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 55 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/Өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 10:18 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар анги, Жаргалтхаан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 55 км зам туулан 12:17 цагт очиход Дорнод аймгийн Хэрлэн сумаас Улаанбаатар хотын чиглэлд өвс тээвэрлэж явсан иргэн Э-ын “Норд бенз LST-9401” загварын зүтгүүр шатаж байсныг 4 цаг 43 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны 42 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан 19:13 цагт очиход иргэн Г-ийн 9х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Өлзийт багийн 32 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 4 км зам туулан 22:21 цагт очиход иргэн Ц-ийн 1.5×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.03-ны өдрийн 10:00 цагт эхлүүлж 6 метрийн өргөн, 8 метрийн урт талбайн мөсийг зүсч зайлуулсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 17:50 цагт түр зогсоосон. 12:04-ний өдрийн 09:00 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг дахин эхлүүлнэ.  /Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр байна./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top