Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар цас орж бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй.  Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.  Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 6-нд говь, талын нутгаар, 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, “Ногоон төсөл” ХХК-ийн хашаанд Чингэлэгт гал гарч байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 17:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 17:24 цагт очиход “Ногоон төсөл” ХХК-ийн 60 тонны чингэлэг дотор 5 ширхэг дугуй, эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 10:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 10:31 цагт очиход иргэн Б-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум Бичигт багийн 10 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 14:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:04 цагт очиход иргэн Д-ын эзэмшлийн “Приус-10” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн 08 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.04-ний өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 2.6 км замыг туулан 23:33 цагт очиход иргэн А-ийн 7х6 метрийн хэмжээтэй дугуй засварын газар шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/ Шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ “Дөрөлж” нууранд живсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.04-ний өдрийн 09:30 цагт эхлүүлж 2х2 метрийн хэмжээтэй цооног гаргаж 6 удаагийн шумбалт хийж автомашины чиргүүлийг салган, 7 метрийн урттай, 8 метрийн өргөнтэй зурвас гаргаж автомашиныг 6 метр зайд татсан бөгөөд үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:00 цагт түр зогсоосон. 12:05-ны өдрийн 09:30 цагт автомашиныг татан гаргах ажиллагааг үргэлжлүүлнэ.  /Мөсний зузаан 40 см, усны гүн нь 3.1 метр байна./

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн “Дархан зах” худалдааны төвийн урд /аймгийн төвд/ Дулааны шугамын худагт хүн унаж нас барсан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 12:38 цагт очиж, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2.5 метр гүнтэй дулааны шугамын худгаас нэр хаяг тодорхойгүй хүн /40 орчим настай, эрэгтэй/-ий цогцсыг 15 минут ажиллаж гарган аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Баяндаа хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 118 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т Ачааны автомашин “Улаан тойром” нууранд мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 10:19 цагт /10:25 цагт/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд Цэцэрлэг сумаас Мөрөн сумын чиглэлд ачаа тээвэрлэж явсан иргэн Б /43 настай, эрэгтэй/-гийн 4 “Митсубиши Фусо” загварын бүхээгтэй ачааны автомашин /15 тн ачаатай/-ыг татан гаргах ажиллагааг 12.04-ний өдрийн 13:19 цагаас эхлүүлж 15 тн ачааг буулгаж 10 метрийн урттай, 5 метрийн өргөнтэй зурвас гаргаж “Хово” загварын 2 автомашинаар тус автомашиныг 19:43 цагт татан гаргаж жолооч О.Батхүүд хүлээлгэн өгсөн. /Мөсний зузаан 40 см, усны гүн нь 1.1 метр./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top