Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ.  Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд Хэнтэйн уулс болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн 3 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төвд/ 12.07-ны өдрийн 22:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт 12.07-ны өдрийн 23:28 цагт хүлээн авсан. Тус сумын иргэд иргэн Б-ын 8×10 метрийн хэмжээтэй 1 давхар байшин шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант багт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 300 км, Тосонцэнгэл сумаас зүүн зүгт 45 км/-т дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.08-ны өдрийн 03:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 45 км замыг туулан 04:03 цагт очиж иргэн Т-ын “Их-Овоо” нэртэй 2 давхар дэлгүүр шатаж байгааг бүрэн унтраахаар ажиллаж байна.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн “Хөх хөтлийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 39 км/-т Автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 12.08-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 90 км замыг туулан 02:56 цагт очиход “Хово ZZ3257N” загварын нүүрс ачсан /51 тн/ ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан С /19 настай, эрэгтэй Цагаан-Уул сумын харьяат/, О /25 настай, эрэгтэй Бүрэнтогтох сумын харьяат/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл 2 дугаар багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т Иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 240 км замыг туулан 11:33 цагт очиж иргэн А/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хойд жаргалант нууранд завьтайгаар металл хайгч бусад тусгай багаж хэрэгслийг ашиглан зохион байгуулж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 17:30 түр зогсоосон. /Тухайн иргэнийг гэрээс нь хойд зүгт 1 км зайд байх Хойд жаргалант нуурын усанд осолдсон байж магадгүй гэсэн мэдээллийг ар гэрийнхэн нь өгсөн. Нуурын өргөн 380 м, урт 1 км, гүн 1.5-2.5 м орчим. Нуурын ус зах хэсгээрээ 20 см, гол хэсэгтээ бүрэн хөлдөөгүй буюу хөлдсөн хэсэг нь 3-5 см орчим зузаантай байна./

Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км Шатахуун ачсан автомашин /чиргүүлтэй/ Дөрөлж нууранд живсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг 12.07-ны өдрийн 09:30 цагт эхлүүлж нийт 87 метр урттай, 8 метрийн өргөнтэй зурвас гаргаж автомашины толгой хэсгийг мөн өдрийн 16:36 цагт, чиргүүлийг 17:05 цагт тус тус нуураас татан гаргаж иргэн Э-д хүлээлгэн өгсөн. /Мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр/

Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн “Дөргөн” нуур гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/-тСуудлын автомашин 1 зорчигчтой “Дөргөн” нууранд мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 10:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 250 км замыг туулан 16:20 цагт очиж Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас Ховд аймгийн Чандмань сумын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн /31 настай, эрэгтэй/ эзэмшлийн “Мусо-Пикап” загварын суудлын автомашин “Дөргөн” нуурын мөс цөмөрч живсэн байсныг 2 цаг 40 минут ажиллаж татан гаргаж иргэн М-д хүлээлгэн өгсөн. /Нуурын эргээс 10 метр зайтай живсэн, нуурын гүн 5 метр, жолооч, зорчигч 2 өөрсдөө гарсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top