Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутгаар бага зэрэг цас орсон.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орно, салхи баруун хойноос 6-11 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооныЗадгай”-д чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.10-ны өдрийн 02:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 02:48 цагт очиход 40 тонны чингэлэгт барилгын материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

 Хувийн өмчид гарсан: Увс аймгийн Малчин сумын Цалгар багийн 2 дугаар гудамжинд байшин шатсан тухай мэдээллийг 12.09-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б-ийн 9х7 метрийн хэмжээтэй байшин 12.09-ний өдрийн 13:30 цагт шатсаныг орон нутгийн 30 иргэн, 3 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 15:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 15:39 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 15:48 цагт очиход иргэн О-ийн “Прогресс” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 17:48 цагт очиход иргэн Г-ын “Соната-2” загварын суудлын автомашин шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 19:54 цагт очиход иргэн Б-ийн 10х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн 41 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.09-ний өдрийн 20:37 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4.2 км зам дуулан 20:42 цагт очиход иргэн Б-ийн эзэмшлийн 7х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ 2 гарын шууны хэсгээр бага зэрэг түлэгдсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.    

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

– Автозамын тээврийн осол: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Гялааны тойром” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд урд зүгт 22 км-т/  2 суудлын автомашин мөргөлдөж 3 хүн гэмтэж, 4 хүн нас барсан тухай дуудлагыг 12.09-ний өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан 14:20 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн   “Приус-20” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Вингроад” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Вингроад” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, иргэн Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.   

Булган аймгийн Булган сумын Булган багийн “Задгай”-д хатуу хучилттай авто замын хажуу руу суудлын автомашин онхолдож 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 12.09-ний өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 16:27 цагт очиход иргэн Ч-ын жолоодож явсан “Приус-41” загварын суудлын автомашин онхолдож Булган аймгийн Булган сумын харьяат иргэн Ч /72 настай, эрэгтэй/, П/52 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.   

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн Хойд жаргалант гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т Тус сумын харьяат иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Хойд жаргалант нууранд цооног гаргаж 12.09-ний өдрийн 08:30 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан. 12.10-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. /Нуурын өргөн 380 м, урт 1 км, гүн 1.5-2.5 м орчим. Нуурын мөс зах хэсгээрээ 20 см, гол хэсэгтээ 3-5 см орчим зузаантай байна./       

4.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Урд гол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 71 км-т, Ө-47°12’36.0”, У-100°26’24.0”/ 12.10-ны өдрийн 06:39 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 06:45 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top