АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн USAID Монгол дахь хөгжлийн асуудал хариуцсан дэд зөвлөх Стив Винкейтс, “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийн менежер С.Оюунтөгс, Грант хөрөнгө бүрдүүлэлт, хэрэгжилт хариуцсан менежер Д.Болатбек, төслийн санхүүгийн ажилтан Б.Намуун, Орхон аймаг дахь төслийн ажилтан Т.Ононтуул Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Энэ үеэр “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн хүрээнд хийгдсэн Хойд бүсийн сургалтын төв, Шуурхай удирдлагын төвд тус төслөөр шинэчилсэн техник тоног төхөөрөмжүүд, тохижилт болон Өсвөрийн аврагч бүлгэмийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Сургалтын төв нь цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад өөрийгөө болон бусдыг хамгаалах чадвар эзэмшүүлэх “Аврагч мазаалай”, өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг ойлголтыг иргэдэд түгээх “Аюулгүй өрх”, галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох “Галын аюулгүй байдал” -ын сургалтын танхимуудтай.
Эдгээр сургалтын танхимуудаар дамжуулан Хойд бүсийн аймгуудын оюутан, сурагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт, дадлагуудыг тогтмол зохион байгуулж байна.
Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь хөгжлийн асуудал хариуцсан дэд зөвлөх ноён Стив Винкейтс хэлсэн үгэндээ “Төслийн баг болон орон нутгийн хамтын ажиллагаа сайн бөгөөд мэргэжлийн байгууллагуудын оролцоо дэмжлэг хангагдаж, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулан төслийг амжилттай хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа уламжиллаа” гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.