Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулархаг нутгаар13-15 м/с хүрч ширүүснэ.  Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:27 цагт очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /30 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастад машин шатаж байна гэсэн дуудлагыг 11:22 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:32 цагт очиход иргэн А-ийн “Ландкруйзер-80” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 11:36 цагт очиход иргэн Ц-ийн 5×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 59 дүгээр байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 11:57 цагт хүлээн авсан Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:05 цагт очиход иргэн Э-ийн 2 өрөө орон сууцанд эд хогшил шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12:05 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 12:11 цагт очиход иргэн Э-ийн “Портер” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багт /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ айлын хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ний өдрийн 13:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 13:49 цагт очиход иргэн Х-ийн хашаанд хураалттай 5 тн /250 боодол/ өвс шатаж байсныг 01:28 цаг ажиллан унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр баг “Силикат” хорооллын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.13-ны өдрийн 22:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 22:55 цагт очиход иргэн С-ийн 6х11 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:20 цаг ажиллан унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т Тус сумын харьяат иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12.13-ны өдрийн 08:00 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан. 12.14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-т/ тус сумын харьяат малчин А 12.08-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.11-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн  Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 12.13-ны өдрийн 09:00 цагаас 15:30 цаг хүртэл зохион байгуулж, тус сумын Оч багийн  “Энгэр-Өлзийт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 66 км/-аас,  иргэн А /45 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж, Галшар сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Өлзийт хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км-т/ тус сумын харьяат иргэн Г-нь 12.11-ний өдөр гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.12-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Г /40 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12.13-ны өдрийн 09:00 цагаас 14:50 цаг хүртэл зохион байгуулж, тус сумын Дөхөм багийн “Бурхи” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км, гэрээс нь баруун хойд зүгт 15 км-т/ эзэнгүй айлын гэрт байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай сумын Засаг даргын Тамгын газрын дарга мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top