Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Хэнтий аймгийн нутгаар цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 21-26 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 16,17,18-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 18-наас нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал”-ын гүүрний доор дулааны шугам шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 12:33 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 12:43 цагт очиход тус гүүрний доор нийтийн эзэмшлийн талбайн дулааны шугамын дулаалга шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Өвөр согоотын эцсийн буудалд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:02 цагт очиход 3х6 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо,  Алтан-Өргөө 72-а байр1 дүгээр орцонд утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.15-ны өдрийн 00:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 00:16 цагт очиход тус орцны хогийн суваг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Урд Хабитатын 06 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 07:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 07:59 цагт очиход иргэн Э-ын эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Хужирт багийн 2Б хэсгийн 9 дүгээр гудамжинд байшингийн дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 15:37 цагт очиход иргэн Б-ийн эзэмшлийн 6×8 метрийн хэмжээтэй байшингийн 3×6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхон байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 19:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 19:24 цагт очиход тус тоотын иргэн Н-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 20:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:33 цагт очиход тус тоотын иргэн О-ийн “Хонда Сивик” загварын автомашины моторын хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 7 км/-т Тус сумын харьяат иргэн А 12.01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.07-ны өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг 12.14-ний өдрийн 12:00 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь хүсэлт гаргаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон. /7 хоног/.

Бусад төрлийн осол /аюул/: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 160 км, сумын төвөөс зүүн зүгт 13 км/-т гүний худагт хүүхэд унаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12.14-ний өдрийн 18:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 19:08 цагт очиж иргэн Б /4 настай, эрэгтэй/ 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан байсныг 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт 4 дүгээр багийн Хөгшөө иргэн Э /31 настай, эмэгтэй/ гэрийнхээ нүхэн жорлонд унаж нас барсан байдалтай олдсон тухай мэдээллийг 12.14-ний өдрийн 04:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 67 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:40 цагт очиж 1.8 метрийн гүнтэй нүхэн жорлонд иргэн Э /31 настай, эмэгтэй/ унаж нас барсан байдалтай байсныг 1 цаг 50 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top