“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг оны анхаарал татсан үйл явдлын нэгээр онцоллоо

288219-15122021-1639568077-1232342532-Coverrrrrrrr.jpg

gogo.mn сайт 2021 оны анхаарал татсан үйл явдлын нэгээр Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг онцолсон байна.

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг найз нөхөд нь шүхэр байвал ниснэ гээд, машин байвал барина гэдэг тун саваагүй нэгэн гэж ярих юм билээ. Үүнээсээ болж элдэв зураг, шог ярианы бай болдог гэж бас өмөөрч байсан удаатай.

Нэг л өглөө түүний толгойд Хөвсгөл нуурт 1985 онд живсэн Бор-500 загварын “Сүхбаатар” онгоцыг татан гаргая гэх саваагүй бодол төрж, бүтчих юм шиг том амбиц амтагдсан ч байж магад.

Тэрбээр Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 онд Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар онгоцыг татан гаргах  санаачилгыг эхлүүлснээр ажлын хэсэг байгуулагдав. Ингээд 2021 аравдугаар сарын 1-нээс Сүхбаатар онгоцыг татан гаргах нүсэр ажил эхэлсэн.

“Төмрийн сэг хэнд хэрэгтэй юм”, “Ямбий онгоц гаргаж ирэх гэж төсвийн мөнгө үрлээ”, “Хэдэн аврагчдыг хүйтэн усанд шумбуулж хөлдөөлөө, өвтгөлөө” гэх мэт эсэргүүцэл, шүүмжлэл дундуур алба хаагчид таг чимээгүйхэн онгоцоо нуурын ёроолоос татаад, чангаагаад, зүтгүүлээд л байлаа.

Сүхбаатар онгоцны өөрийн жин 309 тонн. Үүн дээр нэмээд онгоц дотор хуримтлагдсан 150-160 тонн ус, лаг шавартай нийлээд 550 тонны жинтэй нүсэр техникийг усан дороос бүү хэл, хуурай газар дээр чирч хөдөлгөсөн түүх манай улсад үгүй гэдгийг Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн судлаач Г.Идэр хэлсэн.

Нуурын ёроолд 30 жил байршсан хуучин муу онгоц хэнд, юунд хэрэг болохыг хэлж мэдэхгүй ч 500 гаруй удаа усанд шумбаж, 31 мянга 834 минут буюу 530 цагийг усанд өнгөрүүлсэн онцгой байдлын аврагчид болон Батлан хамгаалах яам, ЗХЖШ зэрэг байгууллагын 120 гаруй албан хаагчид онгоцыг гаргаад ирж чадсан нь л гоё.

Тэд зөвхөн техникийн хүчээр бус ур чадвар, оюун ухааны хүчээр онгоцыг татан гаргав. Үр дүнд нь Хөвсгөл нуурын эко системийг хамгаалж, бохирдлоос салгасан.

Тиймээс оны онцлох үйл явдал энэ байв”. гэж онцолсон байна.

Эх сурвалж: gogo.mn

scroll to top