Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

     Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 градус, Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 4-9 м/с, 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  18, 19-нд Увс нуурын хотгор болон Хэнтэйн уулархаг нутгаар, 20, 21-нд Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи 19-21-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 18-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 04:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 21 км зам туулан 04:30 цагт очиход “Эко тэрэлж” амралтын газрын 10х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 25 минут ажиллаж унтраасан.   

– Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн “Задгай”-д гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 11:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 12:04 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 12:44 цагт очиход иргэн Н-ын “Грейс” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Цагаанчулуут сумын Жавцаг багийн “Бүдүүн цахир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 97 км, сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Тус сумын харьяат малчин Х-ын гэр шатсан тухай мэдээллийг 12.16-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Малчин Х-ын 5 ханатай гэр 12.16-ны өдрийн 13:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 61 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 8.5 км зам туулан 13:42 цагт очиход иргэн Н-ийн 5×4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 20:01 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх аврах салбарын алба хаагчид 400 метр зам туулан 20:04 цагт очиход иргэн Х-ийн 6×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгоны “Задгай”-д хүнсний ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 19:54 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 29.5 км зам туулан 20:48 цагт очиход иргэн Л-ын 15×6 метр хэмжээтэй ногооны зоорь шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 21:13 цагт очиход иргэн М-ын “Оптима” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 23:37 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 23:45 цагт очиход иргэн Д-ийн 7×7 метрын хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Багануур дүүргийн 9 дүгээр хорооны 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.17-ны өдрийн 01:53 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 01:57 цагт очиход иргэн Г-ийн 12×5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Гучин багийн “Задгай” гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт зүгт 9 км-т /Ө-45°22’48.0” У-102°25’12.0”/ 12.16-ны өдрийн 22:05 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 22:13 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. Мөн тус аймгийн Төгрөг сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн болно.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top