Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Хэнтий аймгийн нутгаар цас орсон.

  Өнөөдөр:    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи хойноос 5-10 м/с, 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   24-нд Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. 26-наас өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 32 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 16:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан очиход иргэн И-ын 5×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийнЭрээн-Ус” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 20:21 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн Б-ын “Сканиа DC-1209” загварын ачааны автомашин шатаж байсныг 23 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Ц-ын 12×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 02:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.3 км зам туулан иргэн О-ийн “Картива” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны 17 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04:34 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан иргэн А, О нарын 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Халиун сумын Чацран багийн “Яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т/ 12.23-ны өдрийн 05:17 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:24 цагт ШУА-ийн ООГХ-ээс ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн. 

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод багийн “Эмгэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун  зүгт 145 км, сумын төвөөс урд зүгт 20 км-т Тус сумын харьяат иргэн О 12.08-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.20-ны өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд иргэн О /50 настай, эмэгтэй/-ыг тус сумын Баянгол багийн “Цагаан хөтөл”, “Өвөр бэл”, “Ганц мод”, “Алтан-Уул“, “Бүдүүний- Ам”, “Өвгөний- Ам”, “Цагаан давааны-Ар”, “Өндөр хангай” гэдэг газраар 30 км-н тойрогт явганаар буюу нисгэгчгүй нисдэг төхөөрөмжөөр /дрон/-өөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 17:00 цагт түр зогсоосон.12.23-ны өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top