Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд Хөвсгөл, Хэнтэйн уулс, Халх голын сав газраар ялимгүй цас, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар, 31-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус,  Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 2022 оны 1 дүгээр сарын 1-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 29 км, сумын төвөөс баруун хойд зүгт 32 км/-т Малчин С-ын 4 ханатай гэр 12.25-ны өдрийн 12 цагийн үед шатсан тухай мэдээллийг 12.27-ны өдрийн 18:00 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажилласан.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цэцэг нуур багийн “Цахир уулзвар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт  330 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км/-т Малчин Л-ын 4 ханатай гэр 12.26-ны өдрийн 16:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 12.27-ны өдрийн 11:38 цагт цагт хүлээн авсан. Тус сумаас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ахлуулсан иргэд ажилласан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 15:09 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 15:11 цагт ангиас гарч 3.5 км замыг туулан 15:17 цагт очиход иргэн А-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Уужим 5 дугаар багийн “Бөхөн-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 26 км, сумын төвөөс өмнөд зүгт 4 км/-т Өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 21:30 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 21:35 цагт ангиас гарч 26 км замыг туулан 22:15 цагт очиход иргэн У-ын эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашин дээр ачсан 8 тонн өвс шатаж байсныг 54 минут ажиллаж унтраасан. /Автомашин шатаагүй/

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Дуурга” баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвд/  “Эг”-ийн голд 12.15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн бөгөөд 12.24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрх /74 том хүн, 94 хүүхэд/-ийн 28 байшин, 5 гэр усанд автсан тухай мэдээллийг 12.25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 2 автомашин усанд суусан байсныг татан гаргасан. 12.28-ны өдөр шороон далан байгуулах ажлыг зохион байгуулна.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн “Чулуутын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км, Хөвсгөл аймгийн төвөөс урд зүгт 110 км/-т Суудлын автомашин голын мөсөнд цөмөрч живсэн тухай дуудлагыг 12.26-ны өдрийн 21:10 цагт /21:15 цагт/ хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 110 км замыг туулан 07:46 цагт очиход Хөвсгөл аймгаас Архангай аймгийн чиглэлд зорчин явсан иргэн О-ийн “Лексус”-570 загварын суудлын автомашин “Чулуут” голын мөс цөмрөн орсон байсныг 8 цаг 34 минут ажиллан татаж гарган иргэн О-д хүлээлгэн өгсөн. /Жолооч болон 4 зорчигч өөрсдөө эсэн мэнд гарсан./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top