Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Улаанбааатар хот болон Дархан-Уул аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:   Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 4-9 м/с, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 4-9 м/с, 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 1 дүгээр сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 1 дүгээр сарын 01-03-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.1 дүгээр сарын 2-ны өдрөөс нийт нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 16:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 16:38 цагт ангиас гарч 1.3 км зам туулан 16:40 цагт очиход иргэн Ч-гийн эзэмшлийн “Сэт” диско барны 30х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан. 

Хувийн өмчид гарсанДорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Түшлэгтэйн-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 115 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ малчин Ч-ийн 5 ханатай гэр 12.29-ний өдрийн 04:00 цагт шатсан. Тус сумын харьяат малчин Ч-гийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 15:12 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны “Хөх давааны-Энгэр” гэдэг газар /дүүргээс зүүн хойд зүгт 15 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 06:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 06:56 цагт ангиас гарч 15 км зам туулан 07:10 цагт очиход иргэн Б-гийн 6х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 07:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 07:20 цагт ангиас гарч 7 км зам туулан 07:27 цагт очиход иргэн А-гийн “Приус-30” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 08:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 08:01 цагт салбараас гарч 2 км зам туулан 08:03 цагт очиход иргэн М-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 15:53 цагт ангиас гарч 1 км зам туулан 16:02 цагт очиход иргэн Б-гийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 18:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 18:55 цагт ангиас гарч 12 км зам туулан 19:11 цагт очиход иргэн О-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 00:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 00:56 цагт ангиас гарч 8 км зам туулан 01:04 цагт очиход иргэн Б-гийн 2х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Гүний болон хөрсний ус: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км-т, сумын төвд/ “Эг”-ийн голд 12.15-ны өдрөөс халиа үүсэж эхэлсэн бөгөөд 12.24-ний өдөр тус сумын 2, 4 дүгээр багийн 33 өрх /74 том хүн, 94 хүүхэд/-ийн 28 байшин, 5 гэр усанд автсан тухай мэдээллийг 12.25-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд ажиллаж 50 метр урттай газрын мөсийг хагалж зайлуулсан.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Зам, тээврийн осол: Төв аймгийн Лүн сумын Төв багийн “Бетон гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ 2 автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 12.29-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 13:21 цагт гарч 7 км зам туулан 13:35 цагт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн М-ийн “Грейс” загварын автомашин Лүн сумын Төв багт үйл ажиллагаа явуулдаг “Урьхан-2” цайны газраас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Т-гийн “Марк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн. “Марк-2” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Лүн сумын хүн эмнэлэгт хүргэж өгсөн.  

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Асгат түрүүний-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 129 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ суудлын автомашин авто замын хажуу руу унасан зорчигчдын биеийн байдал хэвийн байгаа тухай дуудлагыг 12.29-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сум дундын Нэгдсэн эмнэлгийн эмч 20:52 цагт ангиас гарч 30 км зам туулан 22:10 цагт очиход Мөрөн сумаас Цагаан-Уул сумын чиглэлд 12 зорчигчтой /2 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Т-гийн “Прадо-95” загварын суудлын автомашин онхолдсон байсныг 23:40 цагт татаж босгосон. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top