Онцгой байдлын байгууллагын 2021 оны онцлох үйл явдлууд

J1A0444.jpg

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна

Онцгой байдлын байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээс гадна  коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, орон нутгийн онцгой комисс болон  салбар дундын үйл ажиллагааг зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д 3 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, Улсын болон Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 18,9 тэрбум төгрөгийг коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцууллаа.

Мөн Засгийн газрын 36 тогтоол, УОК-ын 5 тогтоол, 4 албан даалгавар, 66 тушаал, 29 хурлын тэмдэглэл гаргаж, 8 түр журам, зааврыг боловсруулж, Монгол Улсын Засгийн газар болон УОК-ын даргаар батлуулан хэрэгжүүлж байна.

     5,7 тэрбум төгрөгийн бараа, материалын хандив ирүүлжээ

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, иргэдэд төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын  тогтоолоор 12,8 тэрбум төгрөгийн 10 нэр төрлийн бараа, материалыг улсын нөөцөөс олголоо.

Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивын аяныг өрнүүлж, 170 аж ахуйн нэгж байгууллага, 10 иргэнээс нийт 5,7 тэрбум төгрөгийн бараа, материалын хандив, тусламжийг Улсын Онцгой комисст ирүүллээ.

Хандив, тусламжийг хүлээн авах, хуваарилах, зарцуулах хяналт тавих үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, УОК-ын даргын баталсан хуваарийн дагуу тус тус зохицуулан ажиллаж байна.

Алба хаагчид 3559 хүний амь нас, 111,2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав

Монгол Улсын хэмжээнд 2021 онд нийт 3852 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 3559 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 111.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тухайлбал, гал түймрийн дуудлага мэдээллийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад 17,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн 2021 оны 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол орны нийт нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурсны улмаас 12 аймгийн 51 суманд  706 хүн төөрч, сураггүй болсон дуудлагаар  696 иргэний иргэнийг эсэн мэнд олж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Онцгой байдлын ерөнхий газарт “Байлдааны туг” гардууллаа

Орчин цагийн Онцгой байдлын байгууллагын 17 жилийн ойн түүхэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-т Онцгой байдлын ерөнхий газарт “Байлдааны туг” гардууллаа.

Байлдааны туг нь ангийн бие бүрэлдэхүүний сүсэглэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл бөгөөд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн, эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулсныг Монгол Улсын төр засгаас ийнхүү үнэлсэн нь 2021 оны Онцлох үйл явдал боллоо.  

Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа

Сум, орон нутагт гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, алба хаагчдын  үүргээ биелүүлэх баталгааг сайжруулах, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганаар батлууллаа.

Хууль батлагдсанаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор боллоо.

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж, “Хөвсгөл” нуураа хамгаалав

            Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар  “Хөвсгөл” нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид манлайлан оролцсон нь улсын хэмжээнд төдийгүй албаны хэмжээнд өрнөсөн түүхэн үйл явдал боллоо.

Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Шинжлэх ухааны байгууллагын албан хаагчдын хамтран гүйцэтгэсэн анхны томоохон ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, салбар, орон нутгийн  20 орчим байгууллагын 120 гаруй албан хаагч, тусгай зориулалтын 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр  байгаль цаг агаарын хүнд нөхцөлд 36 хоног үүрэг гүйцэтгэсэн юм.  

            ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 16 шумбагч 12-16 метрийн гүнд, 214 удаагийн даалгаврыг 36 хоног, 530 цагийн хугацаанд гүйцэтгэж, усан доор хөндлөн чиглэлд “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг анх удаа гүйцэтгэлээ.

Салбар нэгжийн бүтэц, орон тоог нэмэгдүүллээ

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Агаараас эрэн хайх, аврах 111 дугаар ангийг шинээр байгууллаа. Мөн Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх  зорилгоор Баянзүрх дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги, Говь-Алтай аймгийн Цогт, Завхан аймгийн Сонгино, Увс аймгийн Давст, Дундговь аймгийн Хулд, Архангай аймгийн Тариат суманд “Эрэн хайх, аврах бүлэг, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Эрэн хайх, аврах салбар”-ыг байгуулах тогтоолыг батлууллаа.

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг эхлүүлэв

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд “Монгол Улсад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Буян-Ухаа” дахь нисэх буудлыг түшиглэн ангар бүхий нисэх ангийн байрыг ашиглалтад орууллаа. Эхний ээлжийн ЕС-145 маркийн 2 нисдэг тэрэг, сургалтын Кабри нисдэг тэрэг, холбогдох сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээн авч, нисэгч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэж эхлээд байна.

Техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал 60.2 хувьд хүрлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлээр  “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 71 нэгж техник хэрэгслийг хүлээн авсан юм.

Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд 14,9 сая евро буюу 44,7 тэрбум төгрөгийн 39 нэгж автомашиныг нийлүүлэн, орон нутаг хуваарилснаар Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал 60.2 хувьд хүрээд байна.

Гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэхэд дэвшил гарган ажиллав

Монгол улсын гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн удирдлагын манлайллыг бэхжүүлэхэд Онцгой байдлын байгууллага 2021 онд дэвшил гарган ажиллалаа.  

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг 2021-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Шадар сайдын тушаалаар батлуулж, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсад хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх, Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах замаар улс орны тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдлээ.

        Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд үндэсний хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж аюулын зураглал гаргах, Гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

“Онцгой Жаргалант” сувилал Үндэсний чанарын шагнал гардаж авлаа

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн дэргэдэх “Онцгой Жаргалант” сувилал нь олон улсын ба үндэсний стандартын шаардлагыг хангаж, “Сэргээн засах сувилалын тусламж үйлчилгээ”-гээр “Шилдэг үйлчилгээ” төрөлд шалгаран, батламжаа гардаж авсныг онцлох үйл явдлын нэгээр нэрлэж байна.  

“Онцгой Жаргалант” сэргээн засах сувилал нь чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандарт, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартуудыг нэвтрүүлсэн анхны сувилал юм. Коронавирусын халдварт цар тахалтай холбогдуулан гадаад улс орноос тусгай чиг үүргийн нийт 52 нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авч, тусгаарлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. 

Мөн 2021 оны 4 дүгээр сараас Коронавирусын халдвараар өвчилсөн  иргэдийг хүлээн авч, тусгаарлан эмчлэх, үйлчилгээг  чанар, стандартын өндөр түвшинд  зохион байгуулж, нийт 7488 иргэнд үйлчлээд байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top