Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр:  Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод:   Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 09:57 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 09:58 цагт ангиас гарч 5 км зам туулан иргэн Б-ын 8х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан иргэн Б-ийн “Си-Арви” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.   

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн М-ын 5х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.

  3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өндрөөс аврах: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 15 давхар орон сууцны барилгын цонхны тавцангаас согтууруулах ундаа хэрэглэсэн 1 эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 00:13 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан иргэн Н /32 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ цонхны тавцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган Сүхбаатар дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top