1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулс болон Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө цэлмэг, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 7-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 9, 10-нд нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн байна.
2. Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дүгээр хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 100х50 метр, 60х30 метр, 60х30 метр нийт 3 ширхэг барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 05:06 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан ажиллаж байна.
– Хувийн өмчид гарсан: Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн “Эг” хорооллын 1А дугаар гудамжинд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км, сумын төвд/ Иргэн Г-ийн 5х5 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэг /тавилга, эд хогшил/ 01.05-ны өдрийн 10:10 цагт шатсан тухай мэдээллийг 01.05-ны өдрийн 10:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Дархан 2 дугаар багийн Уурхайчид хэсгийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан Д-ийн 8х13 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар точик задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 14:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 40 км замыг туулан иргэн Б-ын 6х6 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Өндрөөс унах: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтансан” хотхоны 1 дүгээр орц 11 дүгээр давхрын цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:25 цагт ангийн байрлалаас гарч 11 км замыг туулан иргэн Ч /49 настай, эрэгтэй/ нь 16 давхар барилгын 11 дүгээр давхраас үсрэх гэж байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР