Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой” ХХК-ийн баруун түгээх төвийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилгад гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 06-ны 05:04 цагт ирсэн.
Дуудлагын дагуу очиход үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн 1 дүгээр цех, савалгааны цех тус тус галд өртөж шатлага тархан дэлгэрсэнийг 06:19 цагт тархалтыг зогсоож, гал түймрийг 10:28 цагт бүрэн унтраалаа.
Гал түймэр унтраахад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, тус газрын гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Б.Тэгшбаяр нар удирлага зохион байгуулалтаар ханган, Гал түймэр унтраах, аврах 18, 26, 30, 14, 29 дүгээр ангийн алба хаагчид оролцлоо.
Үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдэд гал түймрийг тархаан дэлгэрүүлээгүй бөгөөд үйлдвэрийн 10 шугамаас 3 шугам гал түймэрт өртсөн, 7 шугам хэвийн ажиллаж байна.
Гал түймрийн шалтгаан нөхцлийг тогтоохоор Нийслэлийн Цагдаагийн газар, СХД-ийн Цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.