Гал унтраах тэргүүн фронтод гал сөнөөгчдөө тэргүүлэн ажиллана гэдэг тийм ч амар биш. Тэр дундаа эмэгтэй хүнд. Хүнд хүчир, ахадсан ажил гэж хүлээж авалгүй мөрөөдлийнхөө төлөө мэргэжлийг нь эзэмшин, албандаа 7 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа дэслэгч Э.Булганыг “Блиц” асуулт булангийнхаа анхны зочноор урьлаа. Тэрбээр Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн салааны захирагчаар ажилладаг. Цаг, наргүй ажлынхаа хажуугаар буудлагын спортоор хичээллэн, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медалийг хоёр төрөлд хүртэн улсын аваргын тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.
-Өөрийгөө ялан дийлдэг, өөртэйгөө өрсөлддөг спорт бол буудлага гэж тодорхойлдог юм билээ?
Буудлагын талбарт гарахаараа өөртэйгөө ярьж, өөрийгөө дасгалжуулдаг. Энэ спортоор хичээллээд жил гаруй болж байна. Дотоод хэргийн их сургуульд суралцдаг байхдаа галт зэвсгийн талаар мэдэгдэхүүнтэй болж, буудлагын спортыг сонирхож эхэлсэн. Галт зэвсэгтэй аюулгүй, зөв харьцах соёлыг бий болгодог. Аймгийн буудлагын спортын хорооны гишүүн болж, дасгал сургуулилтандаа тогтмол хамрагдаж байгаа. Анхны тэмцээндээ ороод хоёр төрөлд анхны медалиудаа авч, II зэргийн тамирчин болсондоо байртай байгаа.
– Буудлагын спорт тамирчин хүнээс сэтгэлзүй, бие бялдрын хувьд юу шаарддаг вэ?
Спортоор хичээллэсэн хүн өөртөө итгэлтэй, өөрийнхөө тухай эерэг бодолтой, эрч хүчтэй болдог. Мөн спорт хүнийг сахилга баттай байлгах, бусдыг хүндэтгэх, манлайлах чадварыг дээшлүүлдэг. Хамгийн гол нь зөв төлөвшилд сургадаг гэж боддог. Миний хувьд аливаа спортын дүрэм журмыг нь судлаад, өөрийнхөө хэмжээнд мэддэг, чаддаг байхыг эрмэлзэж, дуртай спортуудаараа хичээллэдэг.
-Дуртай спортууд гээд олон тоо дурдлаа. Өөр ямар төрлийн спортоор хичээллэж байна?
Ширээний теннис, сагсан бөмбөгөөр түлхүү хичээллэдэг. Цэрэгжилтийн спортын тэмцээнүүдэд дуртай. Хурд хүч, авхаалж шаардсан тэмцээн уралдаан бүрт л өөрийгөө сорьж үзэхийг хичээдэг. 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнд оролцож байснаараа бахархдаг шүү.
–Тэгвэл бусдын төлөө авралын гараа сунгах болсон шалтгаан юу байв?
Эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө үүрэг гүйцэтгэх мөрөөдлөө биелүүлсэн. Эмэгтэй салааны захирагч нар цөөхөн байдаг. 2014 онд бид арвуулаа төгсөж, эх орныхоо өнцөг, булан бүрт бүгд салааны захирагчаар томилогдож байлаа. Анх хүмүүс хараад гайхдаг, эргэлздэг байсан. Хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдынхаа туршлага, ажлын арга барил, дэмжлэгээр шантралгүй ажиллаж байгаадаа баярладаг шүү.
-Хариуцлагатай, хүндхэн албанд дурласныг чинь бодохоор их л эршүүд, дэггүй хүүхэд байсан юм болов уу гэж төсөөлөгдөж байна?
Их л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Сурлага, урлаг, спортын аль алинд нь сонирхолтой, тэмцээн уралдаанд оролцдог. Харахад туранхай, жижигхэн боловч их “шартай”. Ангийнхаа хүүхдүүдтэй их л зодолддог байсан даа. /инээв/
-Цаг хугацааг урагшлуулах боломж олговол та хэдэн насандаа очих вэ. Яагаад?
Хоёр настай байсан үедээ эргэж очмоор байна.Гэнэн цайлган, цав цагаан цаас шиг… Хүн болгоны эгдүү хүргээд л хайр татам байдаг үе шүү дээ.
-Амьдралыг ямар өнгөөр харах дуртай вэ?
Шар өнгөөр төсөөлөх дуртай. Бусад өнгөнөөс илүү тод харагддаг болохоор энэ өнгө шиг гялалзаж, гялтганаж явахыг хичээдэг.
-Таны хэлэх дуртай үг?
“Эзэн хичээвэл заяа хичээнэ”. Хүн ямар байхаа өөрөө л шийддэг. Бүх зүйлд хичээл, зүтгэлтэй, түүнийхээ төлөө зориг гаргадаг байх хэрэгтэй гэж боддог.
–Таныг илтгэх зан чанар?
Сониуч, санаачлагч, хөдөлмөрч байх гэсэн гурван зан чанарыг байнга баримтлахыг хичээдэг. Аливаа зүйлийг сонирхож, түүнийхээ талаар мэдлэг мэдээлэл цуглуулж, ямагт шинэ санал, санаачлага гаргаж, хөдөлмөрлөх нь амжилтын эхлэл гэж боддог. Бас их эрч хүчтэй байхыг хичээдэг.
-Та хэр халамжтай ээж бас эзэгтэй вэ?
Нөхөр, охины хамт амьдардаг. Нөхрийг маань Н.Ууганбаяр гэдэг. Хувийн байгууллагад ажилладаг. Охин маань хоёр настай. Хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч, энэ тал дээр өөрөө ч бас судалж, суралцаад явж байна.
-Таны идэх дуртай амттан болоод хийх дуртай хоол?
Өөрийнхөө хийсэн бүх л амттан болоод хоолонд дуртай. Шинээр хоолны санаа гаргаж, эсвэл телевизийн хоолны нэвтрүүлэг үзээд жорын дагуу дуурайж хийх сонирхолтой. Байнга л шинэ содон зүйл туршиж үзэхийг боддог.
–Таны ширээний ном?
Күнзийн “Дайтах урлаг”. Энэ ном 2500 орчим жилийн өмнө бичигдсэн ч өнөөг хүртэл үнэ цэнээ хадгалсан хэвээрээ байгаа. Хувь хүний хөгжлийн гол бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог. Харахад жижигхэн боловч унших бүрт өөр, өөр мэдрэмж, мэдээлэл өгч чаддаг.
– Өөрийгөө бүтээх үлгэр дууриалалаа болгодог ментор нь хэн бэ?
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, хошууч генерал О.Үржин багш. Энэ хүнээр бахархаж, сүрдэж, мэдлэгээ тэлж, зөвлөгөө авч явдаг. Миний хувьд 2021 онд ДХИС-д “Гамшиг судлал”-аар магистрын зэрэг хамгаалсан. Удирдагч багшаар минь ажиллаж, эрдмийн их үйлсэд заавар зөвлөмжөө харамгүй өгдөг хүн.
–Удахгүй он солигдоно. Шинэ жилийн баяр таны хувьд…?
Шинэ жил бол өнгөрсөнд дүгнэлт хийж, ирээдүйд гэгээлэг мөрөөдөл, шинэ зорилгыг гайхамшигтайгаар холбодог миний хамгийн дуртай баяр. Арванхоёрдугаар сар дөхөөд ирэхээр л өвлийн өвөө, цасан охин, гялалзан гялтганах сүлд мод, инээд хөөр цангинасан өдрүүд үргэлжилж, нэг л догдлолтой болж хувирдаг. Шинэ жилийн баяраар хүн бүр л улирч байгаа хуучин ондоо хийж бүтээсэн ажил, амжилтаа дүгнэн цэгнэж, ажлын хамт олноороо, ах дүүсээрээ, гэр бүлийнхэнтэйгээ, анд найзуудтайгаа шинэ жилийн баярыг өргөн дэлгэр, үр өгөөжтэй тэмдэглэдэг. Шинэ жилийн баяраар ирэх ондоо улам их амжилт бүтээлтэй, урам зоригтойгоор ажиллаж амьдрах эрч хүч авдаг.
-Хамгийн дурсамжтай тэмдэглэн өнгөрүүлсэн шинэ жил гэвэл?
Сонсогч байх үеийн минь шинэ жилийн баяр. Шинэ жилийн баярын цэнгүүнд уг плаж, дүфль өмсөж, гоёж ордог. Гэтэл бид дүрэмт хувцсаа өмсөөд л баяраа тэмдэглэдэг байсан нь сайхан дурсамжтай санагддаг. Дүрэмт хувцас бол ямар ч даашинзнаас илүү гоёл шүү.
Баярлалаа. Шинэ онд шижигнэсэн амжилтыг хүсье?
Баярлалаа. Мөрдэс нэгт нийт алба хаагчдадаа шинэ оны баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье. Санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин