Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Нутгийн баруун хойд хэсгээр үүлэрхэг. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 23-28 градус, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар 13-18 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 12-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар, 13,14-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн заслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлага 13:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан эзэнгүй 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэтолгойн 31 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:33 цагт цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан иргэн О-ын 5х3 метрийн хэмжээтэй байшин, 3х2 метрийн хэмжээтэй амбаар  шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан. Тус гал түймэр дээр тус тоотод оршин суугч иргэн О/53 настай, эрэгтэй/ нүүр хэсэг түлэгдсэн байсныг НТТТ-д шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян уулын 27 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан эзэнгүй 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. Тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй багийн Найрамдал хэсгийн 1 дүгээр гудамжинд /аймгийн төвөөс зүүн зүгт 24км-т/айлын халуун усны газар /Саун/ шатаж байна гэсэн дуудлагыг 2022.01.10-ний өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 24 км замыг туулан очиход иргэн Э-ийн эзэмшилийн 4х4 метрийн хэмжээтэй халуун усны газар /саун/ шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 20 дугаар гудмжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг  03:38 цагт  хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан Б-ын 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top