Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:   Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:   Нийт нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

  Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орно, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 14, 15-нд говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. 13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Нарантуул” худалдааны төвийн хашаанд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан “Хүнс-Экспрес” ХХК-ийн чингэлэгт хүнсний бараа материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

– Хувийн өмчид гарсан: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 11:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн Б-ийн 10х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны 15 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид иргэн Б-ийн 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Өвт багийн 10 дугаар гудамжинд иргэн Э-ийн байшин 01.10-ны өдрийн 15:00 цагт шатсан. Иргэн Э-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшин шатсныг орон нутгийн иргэд ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.   

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн “Холбоо толгой” гэдэг газар /Говьсүмбэр аймгаас баруун урд зүгт 17 км-т, Дундговь аймгийн Баянжаргалан сумаас зүүн хойд зүгт 70 км-т/ Ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 17 км зам туулан 22:50 цагт очиход Дундговь аймгийн Баянжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн чиглэлд нүүрс ачиж явсан иргэн А-ын “Норд бенз ZZ4257N3247C1” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Автозамын тээврийн осол: Төв аймгийн Лүн сумын Дэлгэрэх багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 10 км-т/ 2 автомашин мөргөлдөж 3 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 01.10-ны өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км зам туулан Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой зорчиж явсан “Юниверс” загварын 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж суудлын автомашинд зорчиж явсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж тус сумын хүн Эмнэлэгт,  жолооч Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус шилжүүлэн өгсөн.   

Төөрсөн, сураггүй болсон: Баянхонгор аймгийн Баянговь сумын Өргөн багийн 2 дугаар гудамжинд иргэн С-нь 01.10-ны өдрийн 19:00 цагт иргэн Б-ийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 23:35 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлэг тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд аймгийн Баянлиг сумын харьяат иргэн С /27 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:10 цагт тус сумын Хэлтгий булаг багийн “Тэмээн бут” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 21 км/-аас эсэн мэнд олсон.

 Бусад:Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны “Задгай”-д /Баянбүрдийн тойрог/Дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км зам туулан 3 орчим метрийн гүнтэй дулааны шугамын худагт нэр, хаяг болон бусад мэдээлэл нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top