Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ аймагт хот цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, хугацааны дундуур говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 13-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Төрийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Дөрөлж” гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 17:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид 17:44 цагт ангийн байрлалаас гарч ”Хан дизель” ОНӨААТҮГ-ын 2 дугаар уурын зуухны 24х12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 7 дугаар байрны 3 дугаар орц 1 дүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт иргэн Ч /9 настай, эрэгтэй/, Ч /5 настай, эрэгтэй/, И /7 настай, эмэгтэй/ нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн. Утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан.

– ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамжинд хураалттай цаасан хайрцаг шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:43 цагт очиход хашаанд 180 тн хураалттай цаас шатаж байсныг 10 цаг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Дархан Гурван Марал” ХК-ийн “Буурал” нарийн боовны цехэд цахилгаан тогоо шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 16:37 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход 60х120х50 см-ийн хэмжээтэй цахилгаан тогоонд 40л ургамлын тос шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Хос-Даль” апартмент хотхон гал гарч байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 20:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход шинээр баригдаж байгаа барилгын дэргэд 3×6 метрийн хэмжээтэй ажилчдын байранд эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.011-ний өдрийн 09:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан иргэн Б-ын 4×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Бүргэд баг “Көшелик” ХХК-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 11:24 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 700 м замыг туулан 11:26 цагт очиход хураасан цаасан хайрцаг шатаж байсныг 6 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан иргэн Н-ын 7×7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 23:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан иргэн С-ийн 5×7 метрийн хэмжээтэй байшингийн модон шал шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top