Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус хүйтэн, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/с.  8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 21, 22-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан А-ын 15х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 43 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан А-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 35 минут ажиллан унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 360 км, сумын төвөөс зүүн урд зүгт 46 км-т, Ө-44°58’12.0”, У-95°14’24.0”/ 12.17-ны өдрийн 23:04 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 23:11 цагт ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын орлогч болон тус газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. /Тус сумтай хил залгаа Бугат, Төгрөг, Цээл сумдын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн. /

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top