С.Отгонбаяр
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Коронавируст халдварын цар тахлаас урдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабыг байгуулжээ. Уг штаб ямар бүтэц зохион байгуулалттай ажилладаг, ямар арга хэмжээг авч хэрэгжүүлдэг талаар сурвалжиллаа.
Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб нь ажиллагаа, төлөвлөлт, захиргаа, хангалт, орон нутаг зохицуулалт, хяналт аюулгүй байдлын баг гэсэн бүтэцтэй. Гурван ээлжээр 24 цагаар ажилладаг байна.
Энэ талаар Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяртай ярилцлаа.
-Улсын онцгой комиссын Нэгдсэн шуурхай штаб нь хэзээ байгуулагдаж байв. Энэ хугацаанд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэв?
-2019 оны төгсгөл 2020 оны эхээр дэлхий нийтийг цочроосон хүний гоц халдварт цар тахал гарсан мөчөөс эхлээд Засгийн газар, УОК-оос энэ мөчийг хүртэл шат дараатай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний том жишээ нь, УОК-ын Шуурхай штабыг түүхэндээ анх удаа байгуулж, Коронавируст халдварт цар тахалтай тэмцэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Шадар сайдын тушаал гарч, УОК-ын Шурхай штабыг 20 гаруй яам, агентлаг оролцож, 70 гаруй хүмүүсийн төлөөлөлтэйгээр байгуулсан. УОК-ын хурал дээр эрүүл мэндийн салбараас энэ үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулалтаар хангах чиг үүргийг төрийн цэргийн байгууллагаас удирдаж ажиллах нь зохистой гэдэг санал гарч, Онцгой байдлын байгууллагын албан хаагч удирдаж, өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм. Анх Шуурхай штаб гэсэн нэртэйгээр эхэлж, нөхцөл байдал, гамшгийн удирдлагын дараагийн шатанд шилжих шаардлагаар 2021 оны 10 дугаар сараас эхлэн зөвхөн Коронавируст цар тахалтай тэмцэхээс гадна Монгол оронд тохиолдож болзошгүй бусад аюул, осолтой тэмцэх өргөн цар хүрээтэй болж, Нэгдсэн шуурхай штаб гэж өөрчлөгдсөн.
Нэгдсэн шуурхай штаб хоёр том чиг үүрэгтэй. Нөөцийн болон мэдээллийн менежментийг хэрэгжүүлэх гэсэн. Техникийн буюу менежментийн доод түвшинд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны явцад гарах хүндрэл бэрхшээлийг тухай бүрт шийдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой. Дэлхийн олон улсад энэ тогтолцоо нэвтэрчихсэн. Энэ жишгээр Нэгдсэн шуурхай штаб байгуулагдаад, ажиллагаа, хариу арга хэмжээ авч өдийг хүртэл үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Коронавируст цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах, зохицуулалтаар хангах шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. УОК-ын гаргасан шийдвэр болгоныг хэрэгжүүлэх, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх бүхийл арга хэмжээг хэрэгжүүллээ. Гол үйл ажиллагаа нь эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлэх чиглэлтэй ажилласан.
–Хийж хэрэгжүүлсэн ажлууд ямар үр дүнд хүрэв?
-Коронавируст халдвартай тэмцэх ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй том ажил гэж бодоход 50 хувь нь эрүүл мэндийн салбарын үндсэн чиг үүрэг юм. Засгийн газрын тогтоолоор батлагдсан Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөн дотор хүний гоц халдварт өвчний үед эрүүл мэндийн салбар тэргүүлэх чиг үүрэгтэй ажиллана, бусад байгууллага дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. 50 хувьд нь бусад байгууллага дэмжлэгт үйлчилгээг үзүүлж ажиллах ёстой. Нэгдсэн шуурхай штаб байгуулагдсан даруйд нэн тэргүүний тэргүүлэх 3 том зорилт дэвшүүлсэн. Коронавирустай тэмцэх, стратеги төлөвлөгөөг анх удаа боловсруулж, 2020 оны гуравдугаар сарын 18-нд Шадар сайдаар батлуулж байлаа. Нэгдсэн шуурхай штабын хэрэгжүүлсэн дараагийн том ажиллагаа нь гадаад улс орноос Монгол улсын иргэдийг татан авах ажиллагаа. Үүнийг гардан зохион байгуулсан. Энэ ажиллагаа маш олон жижиг ажлуудаас бүрдэж байж хэрэгжсэн. Гадаад орноос иргэдийг татахад бид маш их цагийг зарцуулсан. Дүнгийн хувьд 524 удаагийн чартер нислэг болон газраар 61679 иргэнийг татан авах ажиллагаа явуулсан. Дээр нь Монголд байгаа бараа материалынхаа нөөцийн судалгааг гаргаж үзсэн. Хэд хоногийн хугацаатай хөл хорио тогтоовол бидэнд бараа материалын нөөц байна гэж. Бүх шатны Онцгой комисс, шуурхай штабыг удирдлага, зохицуулалтаар хангах, хөдөлгөөний хязгаарлалтын үеийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл цуглуулах, тандалт судалгаанд дэмжлэг үзүүлэх, сургалт, дадлага зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл түгээх, дүрэм, журам боловсруулах, бараа, материалын нийлүүлэлтийг тасралтгүй хийх, тусгаарлалтыг иж бүрнээр хэрэгжүүлэх, хяналт шалгалт явуулах, иргэдийн санал гомдлыг барагдуулах, ухуулга сурталчилгаа зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Дээр нь эрүүл мэндийн салбарт тулгарсан хүндрэл бэрхшээлийг тухай бүрт нь шийдэж ажилласан.
–Засгийн газар, УОК-оос гаргасан Цагаан сараар хөл хорихгүй гэсэн шийдвэрийг та бүхэн хэрхэн харж байна. Дараа нь үүсэх эрсдэлд бэлэн үү?
-Засгийн газар, УОК-оос гаргаж байгаа шийдвэрийг Нэгдсэн шуурхай штаб дагах үүрэгтэй. Өвчний нөхцөл байдал, тархалт, бусад эрсдэлтэй холбоотой асуудлыг эрүүл мэндийн салбар мэргэжлийн хувьд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, УОК-т заавар зөвлөмж өгөх үндсэн чиг үүрэгтэй. Түүнээс биш Нэгдсэн шуурхай штаб мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хутгалдах үүрэг байхгүй.
-Цар тахлын үеийн менежментийг хийхээс гадна цаг үеийн нөхцөл байдлаа дагаад ажил үүргийн чиг өөрчлөгдөж байна уу?
-Коронавируст халдвараас гадна малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг зохицуулалтаар хангахаар штабаас үүрэг хүлээн ажиллаж байна. Штабын бүтэц дотор малын гоц халдварт өвчинтэй тэмцэх баг байгуулагдаад зохицуулалтын үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Үндсэндээ өвчний нөхцөл байдлыг хяналтад оруулсан. Баруун гурван аймагт голомтын тохиолдлын тоо нэмэгдсэн. Бусад аймгуудын хувьд хяналтад орчихсон. Шадар сайдын тушаал гараад дөрвөн чиглэлд Нэгдсэн шуурхай штабаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтраад ажлын хэсэг орон нутагт ажилласан. Газар дээр нь удирдлага зохицуулалтаар нь хангасан. Бид Коронавируст халдвараас гадна Монгол Улсад тохиолдож болзошгүй бусад аюул, ослын үед удирдлага зохицуулалтаар хангах бүтцийн хөрс суурийг монголд бий болгохоор ажиллаж байгаа.
-Бүх малаа вакцинжуулах боломжтой юу. Хөдөө орон нутгаар өвөлжилт ямар байгаа вэ. Хаврын тарчиг цагаар малдаа өгөх хангалттай хэмжээний өвс, тэжээлийн нөөц бий юу?
-Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх гээд вакцинжуулалтыг бүх малдаа хийх боломжгүй. Нөөц хязгаарлагдмал. Тактикаа боловсруулаад вакцин хийнэ. Голомтдоо, голомтынхоо бүс хязгаараар хийх үү, дотроосоо гадагшаа хийх үү, гаднаасаа дотогшоо хийх үү, аль зааг хязгаарт хийх үү, ямар малдаа хийх үү гэдэг нь тактикийн асуудал. Тухайн нөхцөл байдал дээр тулгуурлан вакцинжуулалтаа хийнэ. Энэ жилийн хувьд өвөлжилт харьцангуй сайн байна. Өнгөрсөн жил зуншлага аядуу болсон. Улс орон даяар өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангасан. Өвс тэжээлээ бэлтгэсэн. Хаваржилтын цаг агаарыг урьдчилан таамаглах боломж алга. Хаврын хахир хатуу цагийг давчих өвс тэжээл, холбогдох нөөцийг зохих хэмжээнд хадгалчихсан байгаа.
-Халдварт өвчнөөр өвдсөн малыг устгалд оруулаад малчдад нөхөн төлбөр өгөх боломжгүй байгаа гэж сонссон. Энэхүү асуудлыг яаж шийдэх боломжтой байна вэ?
-Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх тактик сүүлийн хэдэн жил өөрчлөгдсөн. Вакцинжуулалтаа хийнэ. Малаа эрүүлжүүлнэ. Үе шаттай мал эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. Мал эмнэлгийн байгууллагууд ажиллана гээд. Таны асууж буй өр авлагатай холбоотой асуудал одоогоор бол үүсээгүй.
Нэгдсэн шуурхай штабын албадын үйл ажиллагаа болон хамтран ажилладаг төрийн байгууллагуудын оролцоог товч танилцуулъя.
Төлөвлөлтийн баг:
-Засгийн газар, УОК-оос 2021 онд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт дөрөв, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт таван удаа шилжүүлж, 71 үүрэг даалгаврын дагуу хэрэгжилтийг тухай бүрт хангуулан биелэлтийг гаргаж ажилласан. Коронавируст халдварт цар тахлын хариу арга хэмжээтэй холбоотой түр журам, зааврыг боловсруулсан. Коронавируст халдварт цар тахлын хариу арга хэмжээний стратеги, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулсан. Мэдээлэл лавлагааны 119 тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулж, УОК-оос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, иргэдээс албан тушаалтан, байгууллагад хандаж гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлт, явцын талаар иргэдэд шуурхай мэдээлэл хүргэж ажиллажээ.
Ажиллагааны баг:
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс бусад дэмжлэгт арга хэмжээ хэрэгжүүлж байна. Гадаад улс орноос иргэдийг татан авах ажиллагаа, нийт иргэнийг чартер нислэг болон газраар татан авлаа. Дараагийн ажиллагаа бол тусгаарлан ажиглалт. УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 216 зочид буудал буюу тусгаарлан ажиглах байр /ТАБ/-д 524 удаагийн нислэгээр 61679 (монгол 44477, гадаад 17202) хүнийг тусгай болон захиалгат нислэгээр татан авчээ. Тусгаарлан ажиглах байранд 17300 хүн шилжүүлсэн байна. Гадаад улсаас ирээд гэрийн ажиглалтад нийт 21739 хүн байгаа юм. Дараагийн ажиллагаа нь дархлаажуулалтад дэмжлэг үзүүлэх ажиллагаа.
Одоогийн байдлаар манай улсад дархлаажуулалтын дөрөв дэх тунг хийж байна. I тунд зорилтот бүлгийн хүн амын 96 хувь, II тунд 90 хувьтай, III тунд 49 хувьтай хамрагджээ. IV тунд 30 мянга гаруй иргэн хамрагдаад байна. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэй 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулаад явж байгаа юм. 12-15 насны 170 мянга хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан аж.
Орон нутгийн баг:
-Орон нутгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийх, удирдлага зохион байгуулалтаар хангах, аймгуудын Онцгой комисс шуурхай штабын үйл ажиллагааг УОК-ын нэгдсэн шуурхай штабын үйл ажиллагаатай нягт уялдуулж ажилладаг. Аймгуудын даржлаажуулалт, нөхцөл байдлын мэдээг өдөр бүр авч нэгтгэн, боловсруулалт хийж шийдвэр гаргахад нөлөөлдөг аж. Коронавируст халдварт цар тахлаас гадна малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээг зохицуулалтаар хангаж, мэргэжлийн зөвлөгөө өгч байна. Сумын онцгой комисс, эрүүл мэндийн төв, мал эмнэлгийн тасгийг удирдлага зохицуулалтаар хангаж байна.
119 дуудлага мэдээллийн төв:
-Цар тахалтай холбоотойгоор УОК-ын Нэгдсэн шуурхай штаб 119 дуудлага мэдээллийн төвийн нэгдсэн хоёрдугаар түвшин дээр иргэдэд мэдээлэл өгөх үйл ажиллагаа явагдаж байна. Он гарсаар дотоодын халдвар ихсэж, 119 дуудлага мэдээллийн төвд хандах иргэдийн тоо нэмэгдсэн. Он гарснаас хойш 15-ны өдрийг хүртэл 1700 гаруй дуудлага мэдээлэл хүлээн авч, хариу өгсөн.
Хил хамгаалах байгууллага:
-Хил хамгаалах байгууллагаас ажиллаж байгаа төлөөлөл Засгийн газар, УОК-ын тогтоол шийдвэрийн дагуу хилээр нэвтэрч зорчигч тээврийн хөдөлгөөнийг зохицуулахад шаардлагатай зөвшөөрлийг олгодог. Хилийн боомтоор гарсан зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүх мэдээллийг нэгтгэж, яам, агентлаг болон холбогдох байгууллагуудад хүргэж ажиллаж байна.
Цагдаагийн байгууллага:
-Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдын аюулгүй байдал болон тусгаарлан ажиглалтын аюулгүй байдал, хяналтыг хэрэгжүүлэх, тусгаарлалтын байранд хэв журмыг сахиулах, арга хэмжээ авч байна. Хөдөлгөөний хязгаарлалтын үед дэг журмыг хангуулах, ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин ирэхэд аюулгүй байдлыг ханган тээвэрлэлтэд хяналт тавьдаг.
Гаалийн ерөнхий газар:
-Хилийн хөдөлгөөний мэдээлэл, онцлог бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн өдөр тутмын мэдээллийг нэгтгэн ажилладаг. Улс хоорондын тир карнет зөвшөөрөлтэй барааг улсын хилээр оруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хил хоорондын уялдаа холбоог сайжруулах тал дээр гаалийн байгууллага ажиллаж байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед авто замын боомтууд хаагдсан үед төмөр зам болон агаарын боомтууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар:
-Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, түр заавар, журам, дүрэм боловсруулах, тусгаарлан ажиглах байрны шаардлагыг хангуулах, халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ, тандалт судалгаанд зөвлөмж өгөх, хамтран ажиллах, боомтын хяналтыг хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин” 2022.01.19