Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Ховд, Завхан, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Уурхай” ХХК Шороон овоолгын 1 дүгээр хэсэгт бульдозер шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 05:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан 05:16 цагт очиход Д9 загварын 190 дугаартай бульдозер шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

– Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Малчны хороололд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 06:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан иргэн Т-ын 6х8 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшин шатаж байсныг 2 цаг 50 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн 29 дүгээр гудамжинд байшингаас утаа гарч байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Б-ийн 6х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 41 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын 117 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 10.5 км замыг туулан иргэн Ө-ийн 5×5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн “Хатавч” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 95 км, сумын төвөөс баруун урд зүгт 73 км-т, Ө-47°11’24.0”, У-100°25’12.0”/ 01.22-ны өдрийн 15:46 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:55 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Туул голын “Бүдүүн чулууны гарам” гэдэг газар суудлын автомашин /дотроо 4 зорчигчтой/ мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.22-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэн Г-ын “Хайлюкс” загварын суудлын автомашинд жолооч Г /48 настай, эрэгтэй/, зорчигч А /35 настай, эмэгтэй/, Э/12 настай, эмэгтэй/, Д /9 настай, эрэгтэй/ нарын хамт “Туул” голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан.

Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Уур баагдаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 2 км/-т Иргэн Т /44 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын /дотроо 2 зорчигчтой/ суудлын автомашин “Дөргөн” нуурын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 05:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ангийн байрлалаас “Дөргөн” нуурын чиглэлд хөдөлсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top