1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Баянхонгор, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цас орсон.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны өргөтгөлийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 11:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан иргэн Х-ын 3 өрөө байрны өргөтгөлийн 1х1 метрийн хэмжээтэй дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 5 дугаар гудамжинд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 18:43 цагт хүлээн авлаа. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн А-ийн 8х12 метрийн хэмжээтэй гараашны тааз шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 20 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 19:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан иргэн Т-ийн 4х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Боргүвээ багийн 1 дүгээр хэсэгт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.24-ний өдрийн 02:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Т-ын 6х7 метрийн хэмжээтэй байшин, “Приус-10” загварын автомашины багаж шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн “Ягааны хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс урд зүгт 35 км-т/ Суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 01.24-ний өдрийн 04:55 цагт хүлээн авсан. Малчин Б-ийн “Ландкруйзер-80” загварын суудлын автомашин 01.24-ний өдрийн 04:45 цагийн орчим шатсаныг орон нутгийн иргэд ажиллаж, унтраасан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Живлэгийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 302 км-т, сумын төвөөс баруун зүгт 58 км-т, Ө-51°02’24.0”, У-100°19’48.0”/ 01.23-ны өдрийн 15:15 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:22 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны улсын хяналтын байцаагч болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Бусад төрлийн осол /аюул/: Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Уур баагьдаг” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 2 км/-т суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 05:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 100 км замыг туулан иргэн Т-ийн “Приус-20” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч, 10 метрийн гүнд живсэн байсныг 15:05 цагт татан гаргасан.
Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн “Уур баагьдаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс урд зүгт 2 км-т/Дөргөн сумаас “Сэвтэй” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин “Дөргөн” нуурын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагыг 01.23-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. “Дөргөн” нууранд мөн өдрийн 08:00 цагт очиж, үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн Н-ийн ”Приус-10” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч суусан байсныг 16:15 цагт татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР