Бэлтгэл хурандаа С.Залуухүү “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ

FB_IMG_1643349109355.jpg

 XVII жарны Буян үйлдэгч хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга асан, бэлтгэл хурандаа С.Залуухүү “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.

  Шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

  Бэлтгэл хурандааа С.Залуухүү нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан аравдахь гавьяат болж байна.

 Тэрбээр 1985 онд гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхэлж, ОБЕГ-ын  Гал түймэртэй тэмцэх газрын дарга хүртэл 32 жил Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэжээ.

  Гал түймэртэй тэмцэх газрын даргаар 10 жил ажиллахдаа  Монгол улсын “Галын аюулгүй байдлын хууль”, “Галын аюулгүй байдлын Үндсэн дүрэм”, хуулийг дагаж гарах 13 дүрэм журам, тушаал шийдвэр, норм стандартыг боловсруулан батлуулсан.

Мөн  Япон улсаас 2 төсөл, Хятад , Беларусь, Австри, Польш, Франц улсуудаас нийт 7 төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн алслагдсан дүүрэг, аймгийн сумдад шинээр Гал унтраах, аврах 18 анги байгуулсан зэргээр Онцгой байдлын албаны хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, материаллаг баазыг нь бэхжүүлэх, боловсон хүчнийг нь сургаж бэлтгэх, хөгжүүлэх, Онцгой байдлын байгууллагаас хүн амд үзүүлэх авран хамгаалах үйлчилгээг стандарт шаардлагад нийцүүлэн бие бүрэлдэхүүнийг нь өргөжүүлэн ард иргэдэд үзүүлэх авран хамгаалах үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлж, ард иргэдийн амь нас, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг гамшиг ослоос хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top