Онцгой байдлын газар нь 5 дахь жилдээ “Тэргүүний агентлаг”-аар шалгарлаа

272892520_1465521130508914_3650412715069690396_n-Copy.jpg

Завхан аймгийн Онцгой байдлын газар нь 2021 оны аймгийн “Тэргүүний агентлаг”-аар шалгарлаа. Ингэснээр сүүлийн таван жил дараалан шилдэг болж байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид аймгийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 76 удаагийн дуудлагаар ажиллаж, 48 хүний амь насыг аварч, 15 иргэнд анхны тусламж үзүүлж, ард иргэдийн 655 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

 Аймгийн нутаг дэвсгэрийн түвшинд үйл ажиллагаа явуулдаг 39 байгууллагад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг тодорхойлон, төлөвлөгөө боловсруулсан бол гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг 336 удаа зохион байгуулж, 14,998 иргэнийг хамрууллаа.

Мөн алба хаагчдын ажиллах нөхцөл, албаны өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд тохижолт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top