Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар нь 2021 оны аймгийн “Тэргүүний хамт олон”-оор шалгарлаа.
Алба хаагчид 2021 онд аймгийн хэмжээнд тохиолдсон 74 удаагийн гамшиг, ослын дуудлагаар 120 хүний амь нас, иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагын 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран Америк Улсын санхүүжилтээр аймгийн Дэлгэр, Чандмань, Бугат, Тайшир сумдад “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малчдын амьжиргааг дэмжих” төслийг хэрэгжүүлж, ДЭМБ-ийн “Коронавируст халдвар /ковид-19/ цар тахлын үед сумдын хариу арга хэмжээний чадавхыг нэмэгдүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр Бигэр, Цогт, Цээл, Халиун, Бугат, Тонхил, Хөхморьт сум, Баянтоорой тосгоны Онцгой комисс, ерөнхий зориулалтай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд сургалт зохион байгуулав.
Аймгийн Засаг даргын захирамжаар хөрөнгийг шийдвэрлүүлэн, Есөнбулаг сум дахь Эрэн хайх, аврах салбарын иж бүрэн засварын ажлыг хийж, аймгийн Улаан загалмай хорооноос эмч-сэтгэл зүйчийн өрөөг тохижуулан эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх нөхцлийг бүрдүүллээ гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.