Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 4-9 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 7, 8-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2. Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Таширын нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 239 км, сумын төвөөс баруун зүгт 24 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 24 км зам туулан 12:30 цагт очиход иргэн Ч-гийн 6х12 метрийн хэмжээтэй байшин, 3х10 метрийн хэмжээтэй граж, “Х-трайл” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 1 цаг 34 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд авто засварын газрын барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 12:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 13:01 цагт очиход иргэн Д-гийн “Вин” авто засварын газрын 25х16 метрийн хэмжээтэй сендвичин барилга, 1 мотоцикл, иргэн Б-гийн “Пробокс” загварын, иргэн Л-ийн “Кровн” загварын суудлын автомашин, авто засварын газрын тоног төхөөрөмж тус тус шатаж байсныг 2 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1 км зам туулан 16:19 цагт очиход иргэн М-ийн “Субару порестер” загварын автомашины бүхээг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Задгай”-д /Сайхан сумын төвөөс зүүн зүгт 60 км-т, Дархан-Уул аймгийн төвөөс баруун зүгт 7 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 7 км зам туулан 19:56 цагт очиход иргэн О-гийн 6 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.05-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 21:08 цагт очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Д /40 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.06-ны өдрийн 03:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 03:11 цагт очиход иргэн Г-гийн 7х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.06-ны өдрийн 01:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км зам туулан 02:07 цагт очиход иргэн Б-гийн 2×3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Ө нь 02.05-ны өдрийн 13:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 20:43 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид иргэн Ө /50 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар явж байхад тухайн иргэнийг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Айц”-ын даваа гэдэг газраас эсэн мэнд олсон гэсэн тул бүлгийг замаас нь буцаасан. 

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Шилийн гол багийн “Шилийн гол” гэдэг газар /Дундговь аймгийн төвөөс баруун зүгт 180 км, Говьсүмбэр аймгаас баруун урд зүгт 20 км-т/ Дундговь аймгаас Говьсүмбэр аймгийн чиглэлд автомашинтай зорчиж явсан 1 эмэгтэй хүн сураггүй болсон тухай дуудлагыг 02.06-ны өдрийн 02:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, ар гэрийн хүмүүс Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат иргэн Н /31 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Бусад /мөс цөмөрч усанд суусан/: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Доод мотод булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 110 км-т, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 02.05-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, тус сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны ажилтнууд 10 км зам туулан 13:00 цагт очиход тус тосгоны “Ашихай” амралтын газраас “Жанхай” амралтын газрын чиглэлд тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат иргэн Г-гийн жолоодож явсан 5 зорчигчтой /1 хүүхэд/ “Лексүс-570” загварын суудлын автомашиныг 17:09 цагт татан гаргасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top