Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, нутгийн зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с, 9-11 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10-ны өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-ний өдөр баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-ны өдөр зарим газраар, 11-ний өдөр говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 14:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан иргэн Э-ийн 9×9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 23:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км замыг туулан иргэн Т-ийн 6х18 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн Сэргэлэнгийн 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан иргэн З-ын 5 ханатай гэр, 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 38 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Бүрэгхангай сумын Бумбат багийн “Баянхангайн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 53 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ Малчин Б-ын өвөлжөө, өвс 02.08-ны өдрийн 15:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:52 цагт хүлээн авсан.  Тус сумын мэргэжлийн ангийнхан 25 км замыг туулан малчин Б-ын 8х10 метрийн хэмжээтэй малын хашаа, 10 тн орчим өвс шатаж байсныг 26 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сум дахь Цагдаагийн тасгийн дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.           

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн “Хайлааст” хорооллын 26 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.08-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн Б-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 46 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Хад багийн “Жаргалантын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 47 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ гэр, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 02:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 47 км замыг туулан малчин М-ийн 6х20 метрийн хэмжээтэй өвөлжөө, “Портер” загварын ачааны автомашин, 1.5 тн орчим өвс шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top