1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт цас орсон.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 4-9 м/с, нутгийн зарим газраар 11-13 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 18-23 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй цас орно, салхи баруун хойноос 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11,14-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
2. Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д Сауны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 11:31 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4×6 метрийн хэмжээтэй сауны өрөө шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Санзай”-н зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.09-ний өдрийн 09:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 8 км зам туулан 09:12 цагт очиход иргэн А-ын 5×15 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Богд сумын Буянт багийн “Бор хуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 60 км-т/ Хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд малчин Т-ийн 24 тн өвс шатсаныг унтраахаар ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дах эрэн хайх аврах салбарын алба хаагчид Богд сумын Буянт багийн “Бор хуруу” гэдэг газрын чиглэлд явсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР