Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 13-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Баянхонгор аймгийн Богд сумын Буянт багийн “Бор хуруу” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 190 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т/ Хураалттай өвс, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 80 км замыг туулан малчин Т-ийн 7х8 метрийн хэмжээтэй агуулахад хураалттай 32 /тн/ өвс, 44 шуудай тэжээл, тус агуулахын дээвэр тус тус шатаж байсныг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Цагдаагийн хэсгийн алба хаагчид ажиллан гал түймрийг бүрэн унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 11:00 цагт очиход иргэн А-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 20 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Баян-Уулын 31 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаар, 3х2 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай баг /аймгийн төвөөс баруун урд зүгт 172км, сумын төвөөс баруун зүгт 13 км/-т Авто замын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.10-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 16:26 цагт очиход /эзэнгүй/ “Соната-5” загварын суудлын автомашин шатаж байсныг 19 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 00:43 цагт хүлээн авсан Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Д-ийн 5 ханатай гэр, иргэн Б-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр тус тус шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан. 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Арслан цохио 2 дугаар баг “Арслан цохионы” 21 дүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 04:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийналба хаагчид 2.5 км замыг туулан 04:50 цагт очиход иргэн Э-ын 2х4 метрийн хэмжээтэй тахианы байр шатаж байсныг 01:06 цаг ажиллан унтраасан.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top