Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн нутгаар цас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 21-26 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 3-8 м/с, 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 14-ний өдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-ны өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-ны өдөр нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 14, 15-ны өдөр нутгийн зарим газраар, 16-ны өдөр говь, тал, хээрийн нутгаар, 17-ны өдөр говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 16-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.

2. Гал түймэр:

Объектын түймэр: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, “Дунд дарь-Эх”-ийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 07:45 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 07:52 цагт очиход иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 09:26 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 09:33 цагт очиход 4х6 метрийн хэмжээтэй байшин дотор хураасан өвс шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. Хэргийн газрыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 1 дүгээр хороо, 79 дүгээр гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 10:12 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 10:21 цагт очиход иргэн М-ын “Миникаб” загварын ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.      

Баян-Өлгий аймаг, Өлгий сум. Автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 14:52 цагт очиход иргэн Х-ийн “Истана” загварын бага оврын ачааны автомашины хөдөлгүүр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.      

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг. 28 дугаар хороо, Ногоон чулуутын 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 15:36 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:41 цагт очиход иргэн Э-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. 17 дугаар хороо, 7 дугаар буудлын автобусны зогсоолын дэргэд дугуй засварын байр шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 18:05 цагт хүлээн авсан.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 18:09 цагт очиход иргэн О-ны 4х6 метрийн хэмжээтэй дугуй засварын байрны дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 12 дугаар хороо, Нарны зам гудамжинд агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 02.12-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан.      

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:09 цагт очиход иргэн О-ын 12х24 метрийн хэмжээтэй байшингийн 5х6 метрийн хэмжээтэй дулааны халаалтын өрөө, эд хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.  

Дорнод аймаг, Хэрлэн сум. 2 дугаар багийн “Дэнж” хорооллын 3 дугаар гудамжинд Амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 00:56 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 01:02 цагт очиход иргэн Б-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 48 минут ажиллаж унтраасан. 

3.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Дархан-Уул аймаг, Хонгор сум. 2 дугаар багийн “Германы-Алт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 87 км-т, сумын төвөөс зүүн зүгт 48 км-т, Шарынгол сумын төвөөс урд зүгт 12 км-т/ малчин Э-нь 02.11-ний өдрийн 16:00 цагт гэрээсээ морьтой мал хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.11-ний өдрийн 23:20 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, “Дулаан шарын гол” ТӨХК-ийн ажилтнууд, ар гэрийнхний хамт иргэн Э/27 нас, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.

02.12-ны өдрийн байдлаар тус сумын Санжинт багийн “Бурхантын-Алт”, “Их өвөлжөө”, “Уурхайн овоолго” болон Хонгор сумын “Булагт”, “Хавчуугийн-Ар”, “Германы-Алт” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:37 цагт түр зогсоосон бөгөөд мөн өдрийн 19:22 цагт тус аймгийн Хонгор сумын “Хавчуугийн-Ар” гэдэг газар /сураггүй болсон газраас баруун урд зүгт 1 км-т/-аас тухайн иргэнийг  эсэн мэнд олсон тухай мэдээллийг “ИӨОТ” ХХК-ийн алтны уурхайн харуул Шарынгол сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Мэдээллийн дагуу тус сумаас ажлын хэсэг очиж шалгахад тухайн иргэн мөн болох нь тогтоогдож, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. /Тухайн иргэний хөл, гарын үзүүр бага зэрэг хайрагдсан бөгөөд, биеийн байдал хэвийн, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна гэж мэдэгдсэн/.

 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top